МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ дахь “Гэр хороолол, орон нутгийг дэмжих бүлэг”-ийн анхны уулзалт боллоо
2025.04.17
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

УИХ дахь “Гэр хороолол, орон нутгийг дэмжих бүлэг”-ийн анхны уулзалт боллоо

Нийслэл болон аймгийн төвүүдийн хамгийн удаан хугацааны туршид байсан “суурьшлын түүхэн төв” бол гэр хороолол юм. Иймд гэр хороолол руу хөгжлийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн санаан дээр нэгдсэн УИХ-ын хорин гишүүн нийлж “Гэр хороолол, орон нутгийг дэмжих бүлэг” байгуулж өнгөрөгч Пүрэв гарагт /2025.04.17/ анхны уулзалтаа хийлээ. 

Уулзалтад УИХ-ын гишүүн Б.Баярбаатар, Р.Батболд, , Ж.Галбадрах, Д.Ганмаа, Б.Жаргалан, Ж.Золжаргал, Г.Лувсанжамц, Б.Мөнхсоёл, О.Саранчулуун, Б.Хэрлэн, Б.Уянга, Г.Уянгахишиг, Д.Энхтуяа нар оролцож, бүлгийн зохицуулагчаар УИХ-ын гишүүн Ж.Золжаргалыг батламжлав.

2040 он гэхэд нийслэлд 500 мянган өрх байхаас 50 мянга нь л “амины сууцны” хороололд амьдарна. Гэр хорооллын алслагдсан бүсийн оршин суугчдыг нүүлгэн нийтийн орон сууцанд оруулж, чөлөөлсөн талбайг нь цэцэрлэгт хүрээлэн болгохоор “Улаанбаатар 2040 ерөнхий төлөвлөгөө”-нд тусгажээ.

Энэ зорилт нь хэр бодитой, санхүүгийн эх үүсвэр, дэд бүтцийг хэрхэн хөгжүүлэх талаар УИХ-ын гишүүдийн асуултад Нийслэлийн Хот төлөвлөлт, судалгааны институтийн хэлтсийн дарга Б.Лхагвасүрэн хариулав.

Мөн уулзалтаар Монгол ахуйн онцлог, түүхэн уламжлал нь гэр суурьшлын бүсэд хэрхэн тогтсон байдаг, тэдгээрийг хот төлөвлөлттэй хэрхэн уялдуулах талаар Улаанбаатар хотын түүхийн музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр танилцуулга хийв.

 Цаашид гишүүд тогтмол мэдээлэл солилцож, гэр суурьшлын бүсийг дэмжих байр суурьнаас хуулийн төсөл, төсөв дээр санал нийлэх хүрээндээ хамтарч ажиллах юм.

ШИНЭ МЭДЭЭ