МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Чойбалсан” Олон улсын нисэх буудлыг шинэчлэх шаардлагатай
2025.03.24
Зам, Тээвэр

“Чойбалсан” Олон улсын нисэх буудлыг шинэчлэх шаардлагатай

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн УИХ-ын гишүүн М.Ганхүлэгийн хамт зүүн бүсээс сонгогдсон гишүүдээ төлөөлөн өчигдөр /2025.03.23/ Дорнод аймгийн “Чойбалсан” Олон улсын нисэх буудалд ажиллаж, нислэгийг сэргээх болон тус нисэх буудлын цаашдын хөгжлийн талаар хариуцсан албаныхантай санал солилцлоо.

Тус онгоцны буудлын үйл ажиллагаа зогссон буюу нислэг зогссон шалтгаан нь зорчигчийн тоо бага мөн өмнө нь цэргийн зориулалтаар ашиглаж байсан 6*2 м харьцаатай зүймэл хавтан бүхий хөөрөх, буух зурвас нь сүүлийн үеийн хөнгөн нисэх онгоц газардахад хүндрэлтэй болсон зэрэг цөөнгүй асуудлаас улбаатай аж.

Иймд эхний ээлжинд тус нисэх буудлын хөөрөх, буух зурвасыг асфальтбетон хучилттай болгон шинэчлэх, зорчигч хүлээн авах барилгыг өргөтгөх, тоног төхөөрөмжийг шинэчлэхэд шаардагдах төсвийг шийдвэрлүүлэх нь нэн чухал байна.

Түүнчлэн ахмад настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эрүүл мэндийн шалтгаантай иргэдийг зорчиход Засгийн газар, орон нутгийн засаг захиргаанаас дэмжлэг үзүүлэх, мөн уул уурхай, газрын тосны ААН-үүдтэй хамтран ажиллаж ажилтныг 14 хоног амраах хуулийн хугацааг баримтлан амраах, ээлж солилцоход нь агаарын тээврээр шуурхай зорчуулах зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх саналыг тус нисэх буудлын удирдлага танилцуулсан байна. 

“Чойбалсан” Олон Улсын нисэх буудал хэвийн ажилласнаар иргэд шуурхай зорчих, аялал жуулчлал хөгжих, агаарын тээврээр олон улсад мах экспортлох, Олон улсын нөөц буудал болон хөгжих давуу талтай.

ШИНЭ МЭДЭЭ