М.Мандхай: Гурилын импортыг тэглэчихвэл дотоодын үйлдвэрүүд хаалгаа барьж, тоног төхөөрөмжүүд зэвэрч, ажиллах хүч тарж бутраад алга болно!
УИХ-ын чуулганы /2025.04.24/-ий өдрийн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн М.Мандхай:
ХАА-н салбарт ажиллаж байсан хүний хувьд хэдэн зүйл хэлмээр байна.
Нэгдүгээрт, Гурил бол өргөн хэрэглээний бараа. Хэрэглэгчийн худалдан авалт сул,эмзэг байгаа үед гурилын үнийг өсөхгүй бууруулах зайлшгүй шаардлагатай байгаа. Гэхдээ бид салбарын эрсдэлийн асуудлыг ярихгүй бол болохгүй. Бид гурилын импортыг тэглэчихвэл салбарт байгаа дотоодын үйлдвэрүүд хаалгаа хааж, тоног төхөөрөмж зэвэрч, салбарт ажиллаж буй ажиллах хүч өөр салбар луу шилжиж, тарж бутраад алга болно. Салбарт үлдэж байгаа хэд нь рапс тариалаад нөгөө хөрс нь муудсан, шим тэжээлгүй үр тариатай байдал үүсэх вий. Гадаадаас од орох импортын гурил хямд ч гэсэн цаашид үнээ нэмэх эрсдэлтэй. Нэгэнт гаднаас хямдхан гурил ороод ирчихсэн зах зээлийг эзэлчихсэн тохиолдолд үнэ өссөн байвал хянаж чадахгүй. Ингээд 5 жилийн дараа гурилын хараат улс болох эрсдэлтэй. Нэгэнт унасан салбарыг бид 5 жилийн дараа босгоё гээд төрөөс их мөнгө гаргаад ч гэсэн босгож чадахгүй. Шууд тэглэнэ гэхээсээ тодорхой квот, эсвэл бусад өөр төрлийн тарифаар зохицуулалт хийгээд явах нь бол зүйтэй. Төрилүү олон жилийн алсыг харж, салбарын хөгжлийг бид хөгжүүлэхийн төлөө дэмждэг байх нь зөв.
Хоёрдугаарт, гурил өргөн хэрэглээний бараа. Угаасаа ч үнийн таазтай явж ирсэн. Гэхдээ бид яамны, бодлого шийдвэр гаргаж байгаа сайд болон газрын дарга нарт шүүмжлэлтэй хандаад байгаа юм. Энэ бид ингээд 2 гуравхан сая хүний зах зээл дээр гурилаа борлуулж үнийг буулгах ингэж ажиллаад явах юм уу? Гэтэл Орос, Турк, Казакстан, Герман, Энэтхэг гээд маш олон улсууд өөрсдийнхөө гурилыг экспортолж чаддаг. Монгол Улс органик шим тэжээлтэй газар нутагтай улс. Бид нар гурилынхаа ялгаралыг үүсгээд, олон улсын зах зээлд борлуулах бүрэн боломж байгаа. Гурилын бизнес масс үйлдвэрлэл явуулж байж нэгж бүтээгдэхүүний өртөг буурдаг бизнес. Гэтэл манай улирлын чанартай бизнес, дээрээс нь 2 гуравхан сая хүнд үнийн таазтай борлуулаад явах нь салбарын хувьд бол хөгжихгүй харагдаж байгаа. Тиймээс салбарыг 3 сая биш, 5 сая хүнд борлуулдаг боломжийг нь яам бодлогоороо дэмжиж, олон улсын худалдаа, хэлэлцээрээр зах зээлийг нь нээж болдоггүй юм уу . Үүн дээр анхаарч ажиллана уу!