Д.Батлут: ХХААХҮ-ийн яамны бодлого нэг жилийн настай болж хувирлаа
УИХ-ын чуулганы /2025.04.24/-ий өдрийн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Д.Батлут:
Би байнгын хороон дээр хариулт авч чадаагүй асуултуудаа ахиж асуух гэж байгаа юм. Гурилын импортын татварыг тэглэж үр дүн гарсан. Өнөөдөр зах зээл дээр гурилын үнэ тогтвортой байх боломжийг бүрдүүлэхэд нөлөөлөл үзүүлсэн гэж харж байгаа. Гэтэл нэг жилийн дараа ахиад импортын татвараа сэргээе гэдэг асуудлыг оруулж ирж байна. Яамны бодлого бол нэг жилийн настай болж хувирч байгаа юм. 2021-2023 онд буудайны үнэ, нэг тонн тутамд 26,4%-аар өссөн байна. Гэтэл гурилын үнэ нэг тонн тутамд 52,3 төгрөгөөр өссөн байгаа. Үүнийг тухайн үеийн Шударга өрсөлдөөний газрынхан судлаж, үзээд үндэслэлгүй үнэ нэмжээ гэдэг асуудлыг гаргаж тавьсан. 2021-2023 онд 9 компани 38,8 тэрбум төгрөг 10,65%-ийн хүүтэй авснаас 7,65%-ийн хүүг нь Засгийн газар дааж, аж ахуй нэгжүүд гуравхан хувийн хүү төлсөн. Энэ татварын хүүд татвар төлөгчдийн мөнгөнөөс 2,93 тэрбум төгрөг зарцуулсан. 2022 онд найман ААН-д 81,5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон. Үндсэндээ 2020-2024 он хүртэл 209 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ.
Хөнгөлөлт үзүүлсэн бүр зээлийн хүү төлөлтийг нь хүртэл хариуцсан байгаа. Ийм байхад гурилын үнэ өссөөр байдаг.Энэ бодлогыг чинь ямар бодлого гэх юм бэ? ХХААЯ-ны гаргаж байгаа бодлого бол монопол хэдэн компанийн карманд орчихсон байна гэж харагдахаар байгаа шүү.Бид нар учир шалтгаанаа тодорхойлж чадсан уу, чадаагүй л байгаа. Үндэсний үйлдвэрлэлүүдийг дэмжихгүй сөхрүүлчихье гэж байгаа нэг ч бодолтой гишүүн энэ танхимд байхгүй гэж харж байгаа. Хоёрдугаарт нь хүнсний аюулгүй байдлыг сайжруулж, үр дүн гаргах ёстой гээд хараад байгаа.
Өнгөрсөн хугацаанд УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг нэг судалгаа хийсэн байна. 241 дээжээс шинжилгээ хийгээд үзэхэд, 80 дээж буюу 30 орчим хувь нь чанарын шаардлага хангахгүй, улаан буудай байна гэж. ЖДҮ-дийг дэмжих чиглэлээр 40 тэрбум төгрөг батлагдсан, 26 тэрбум нь төвийн бүс дээр хуваарилагдаж байна. Бусад 5 бүсэд,ЖДҮ эрхэлдэг хүмүүс байхгүй юм уу. Тэнд Монгол Улсын Засгийн газрынбодлого хэрэгжихгүй юм уу.
Түүний асуултад УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр хариуллаа.
ЖДҮ-ийн газрыг дэмжихээр бүх аймагт хүсэлт явуулсан. 2025 оны төсөв батлахдаа, ЖДҮ-ийг дэмжээч ээ, баталсан эх үүсвэр дээр бид нар нэмэгдүүлж олгоно гэж 21 аймагт явуулсан. Арваад аймаг тодорхой хэмжээний эх үүсвэр тавьсан. Зарим нь 150 сая төгрөг, зарим нь 400 сая төгрөг, зарим нь5 тэрбум төгрөг тавьсан. Бид нар 5 тэрбумд тавьсан газар, 5 тэрбум нэмж өгсөн 150 сая төгрөг тавьсан газар, 150 саяыг нэмж өгсөн. УИХ-аас сүүлийн 5 жил, ЖДҮ-ийг дэмжих чиглэлээр оруулсан нэг ч хөрөнгө оруулалт байхгүй. Бид байгаа нөөц хэмжээндээ зарим орон нутаг мөнгө тавиагүй, ЖДҮ-ээ бид дэмжихгүй гэсэн ийм хариу өгсөн. Чанарын асуудал ярилаа, ямар чанар вэ гэдгийг тодорхой гаргах хэрэгтэй.
Ямар чанарын үзүүлэлт тэнцэхгүй байсан, тэрнээс шалтгаалаад дараагийн бүтээгдэхүүн болно. Үүнийг олон нийтэд Монгол Улсын тарьсан улаан буудай, үйлдвэрлэсэн ,гурил чанаргүй гэсэн маягаар ойлгуулах гээд байна. Тийм зүйл байхгүй. Дэмжлэг авсан үйлдвэрүүд ажлаа хийсэн. Швейцар, Туркийн технологиор иж бүрэн шинэчлэгдсэн үүнийг хаана ч бардам хэлнэ. Манай гурилын үйлдвэрийн бүтээгдэхүүн ОХУ-ын гурилаас чанарын хувьд хол илүү. Тийм болохоор төрөл бүрийн нарийн гурил, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдээд байгаа.