Дэлхийн зах зээлд хүргэх "Цагаан алт платформ" төслийг эхлүүлнэ
2025.03.26
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Дэлхийн зах зээлд хүргэх "Цагаан алт платформ" төслийг эхлүүлнэ

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска тэргүүтэй хөтөлбөрийн хамт олныг өчигдөр /2025.03.25/ Дархан хот дахь яамны байрандаа хүлээн авч,  “Цагаан Алт” хөдөлгөөний хэрэгжилтийг дэмжих Платформын төсөл эхлүүлэх төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа. 

Уулзалтын үеэр ХХААХҮ-ийн сайд “Цагаан алт” хөтөлбөрийн зорилго, ач холбогдлыг танилцуулж, тус хөтөлбөр нь Монголын ноос, ноолуурын салбарыг хөгжүүлж, олон улсын зах зээлд өрсөлдөхүйц, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар экспортын хэмжээг нэмэгдүүлэхэд чиглэж байгааг онцоллоо. Тэрбээр Монгол Улс дэлхийн боловсруулаагүй түүхий ноолуурын 40 орчим хувийг нийлүүлдэг ч эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл сул, техник технологи болон мэргэжилтний нөөц дутагдалтай байгааг хэллээ. 

Харин хамтын ажиллагааны хүрээнд байгуулагдсан “Цагаан Алт” Платформ нь Монгол Улсын ноос, ноолуурын үйлдвэрлэлийг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлэх, зах зээлийн боломжийг тэлэх, тогтвортой хөгжлийг дэмжих суурь бүтэц болох чухал ач холбогдолтойг талууд онцлон тэмдэглэсэн юм. 

Монголын ноолуурын салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд:

  • Үйлдвэрлэлд дэвшилтэт технологи нэвтрүүлэх
  • Малчдыг чадавхжуулах
  • Үйлдвэрүүдийг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах
  • Эцсийн бүтээгдэхүүний экспортыг дэмжих
  • Малчдын орлогыг нэмэгдүүлэх
  • Бэлчээрийн тогтвортой менежмент, байгаль хамгааллыг оновчтой хэрэгжүүлэх шаардлагатайг талууд онцолжээ.

ШИНЭ МЭДЭЭ