МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Г.Уянгахишиг: Шөнө байцаасан нь эрүүдэн шүүлт мөн
2025.03.26
Хүний эрх

Г.Уянгахишиг: Шөнө байцаасан нь эрүүдэн шүүлт мөн

Цахим хуудаст хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа явуулах эрх чөлөөнд халдаж, хойшлуулшгүй ажиллагааны дагуу оффисынх нь эд зүйлийг хураан авч, хуулийн байгууллага шөнөжин мэдүүлэг авч залхаан цээрлүүлсэн гэх мэдээлэл гэрлийн хурдаар тархсан. Энэ нь цахим хуудаст контент бүтээдэг "Ноорог" медиа агентлагийн 8 залууг 3 дугаар сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн 13.14 Худал мэдээлэл түгээсэн гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагаас баривчилж, саатуулсан үйл явдал байв. Нийгэмд талцал үүсгэж буй энэ хэрэг дээр Хүний эрх, иргэний нийгмийн байгууллагууд, нийгмийн идэвхтнүүд төвлөрч олон талаас нь ярьж буйгаас гадна УИХ анхааралдаа авчээ.

Хүний эрхийн зөрчлийн ноцтой кейс

Шөнийн 22 цагаас өглөөний 7 цаг хүртэл 8 залуугийн зөвхөн нэг нь цахим мөрийтэй тоглоомын асуудалд орооцолдсон нь тогтоогдож, хамааралгүй 7 хүнийг хууль бусаар саатуулсан, байцаасан болж таарав. Олон нийтийг бухимдуулж буй энэ асуудлыг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 3 дугаар сарын 24-ний өдрийн хурлаар анхааралдаа авч хэлэлцсэн юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг “Ноорог”-ийн залуусын ажлаа хийх, уран бүтээлээ туурвих эрхийг та бүхэн хаасан уу? Учир нь тэдний ажлын багаж хэрэгслийг хураасан. Хэрэг шалгаж болно. Гэхдээ хэнийг ч эрүүдэн шүүж болохгүй. Шөнө байцаасан нь эрүүдэн шүүлт мөн" хэмээн байр сууриа илэрхийллээ.

Мөн сонгуулийн процесс, ЗГ-ын үйл ажиллагааг харуулсан кино байгаа бол бүгд үзэх хэрэгтэй, цагдаа яг ямар шалтгаанаар тэдгээр залуусыг саатуулсныг тодорхой болгох хэрэгтэй, хууль бус, хөнгөн хуумгай баривчилгаа хийдэг "уламжлалаа" зогсоож, эрхийг нь зөрчсөн болон нийт иргэдээсээ уучлал гуйх хэрэгтэй гэсэн байр сууриа гишүүд илэрхийлж байлаа. Мөн тэдний компьютерээс нэг ч баримт алдагдах ёсгүй. Цагдаа нар үүнд хатуу хяналт тавьж ажиллахыг анхааруулсан юм.

Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. “Ноорог”-ийн залуусыг анх саатуулсан үндэслэлийг одоогоор тогтоогоогүй байна. Үүнд хугацаа хэрэгтэй. Одоогоор юу ч батлагдаж, нотлогдоогүй. Энэ мэдээллийг ярихдаа шат шатны байгууллагын хүмүүс болгоомжтой хандах хэрэгтэй" гэдгээ ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл хэлсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ