
УИХ-ын гишүүн О.Батнайрамдалаас Боловсролын сайдад тавьсан асуултын хариуг хэлэлцэв
УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар /2025.03.26/ тус Байнгын хорооны 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа. Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Г.Хосбаяр нар нэмэгдсэн юм. Тус Байнгын хороо үргэлжлүүлэн Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, журмын биелэлтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааны хүрээнд УИХ-ын гишүүн О.Батнайрамдалаас Боловсролын сайдад тавьсан асуултын хариуг хэлэлцэв.
Боловсролын сайд П.Наранбаяр асуултын дагуу мэдээлэл хийв.
Тэрбээр, эхлээд Боловсролын зээлийн сангаас хэрэгжүүлж буй Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг болон бусад хөтөлбөрүүдийн 2024 оны хэрэгжилт, тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргасан болон хамрагдсан суралцагчдын зүгээс тэтгэлэгтэй холбоотой ямар асуудлаар санал, гомдол, хүсэлт гаргадаг, түүнийг хэрхэн шийдвэрлэсэн болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд 2024-2025 оны хичээлийн жилийн сонгон шалгаруулалттай холбоотой Боловсролын яаманд давхардсан тоогоор 15 өргөдөл ирсэн байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг Засгийн газрын 2024 оны 102 дугаар тогтоолд тодорхой тусгаж өгсөн, Боловсролын яамны харьяа байгууллагуудын системээр дамжуулан мэдээллийг солилцож, тухайн баазад суурилан сонгон шалгаруулалтыг зохион байгуулдаг гэлээ. Мөн Боловролын зээлийн сангийн эргэн төлөлтийн явц болон эргэн төлөлтийг сайжруулах хүрээнд хийгдэж буй ажил, төлөвлөгөө, хөндлөнгийн хуулийн байгууллагатай хамтран ажиллаж буй ажлын явцын талаарх мэдээллийг танилцуулсан.
Тэрбээр, Боловсролын зээлийн сангийн зээлийн эргэн төлөлт 2024 онд 14.4 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оноос 15 хувиар өссөн. Зээлийн эргэн төлөлтийг хөтөлбөр тус бүрээр авч үзвэл хөнгөлөлттэй зээл 363.18 сая төгрөг буюу өнгөрсөн оноос 52 хувь, оюутны хөгжлийн зээл 11.5 сая төгрөг буюу өнгөрсөн оноос 46 хувиар тус тус өссөн бол гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдын зээл 2.4 тэрбум төгрөг төлөгдөж өнгөрсөн оноос 43 хувиар буурсан. Зээлийн эргэн төлөлтийг сайжруулах зорилгоор 2024 оны 11 дүгээр сараас эхлэн оюутны хөгжлийн зээл, хөнгөлөлттэй зээл болон дэлхийн шилдэг их дээд сургуульд зээлээр суралцсан иргэдэд зориулан цахим системээр дамжуулан “зээлийн мэдээлэл” хүргэх үйлчилгээг нэвтрүүлсэн.
Дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчдад “Хөнгөлөлттэй зээл”- ийг 1992-2016 онд олгосон бөгөөд Засгийн газрын 2004 оны 22 дугаар тогтоолоор 1992-2004 онд суралцагчдын зээлийг бүрэн чөлөөлсөн, Засгийн газрын 2008 оны 178 дугаар тогтоолоор “голч дүн 2.8, эзэмшсэн мэргэжлээрээ 2 болон түүнээс дээш жил ажилласан” шалгуурыг хангасан төгсөгчдийг зээлээс чөлөөлж байна. Одоогоор Боловсролын зээлийн санд 2004-2016 онд хөнгөлөлттэй зээлээр суралцаж төгссөн нийт 12799 зээлдэгчийн 14.1 тэрбум төгрөгийн зээл бүртгэлтэй байна.
Зээлийн эргзн төлөлтийг сайжруулах хүрээнд 7 аймаг, 2 дүүргийн прокурорын байгууллагуудтай хамтран ажиллаж, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Оюутны хөгжлийн зээл нь 2016 оноос эхэлсэн бөгөөд зээлийн эргэн төлөлтийг сайжруулах зорилгоор е-mongolia цахим системээр дамжуулан “зээлийн эргэн төлөлтийн график”-ийг 2025 оны 2 дугаар сараас эхлэн зээлдэгчид хүргэх бэлтгэл ажил хангагдсан. Гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагыг 1997 оноос хойш суралцаж төгссөн бүх төгсөгчдийн зээлийн эргэн төлөлтийн хуваарийг үүсгэж, Монголбанк руу “зээлдэгчийн зээлийн мэдээлэл”-ийг нийлүүлэх бэлтгэл ажил хангагдаж байна гэлээ.
Мөн дэлхийн шилдэг их сургуульд суралцсан (2010-2020) иргэдийн зээлийн эргэн төлөлтийг сайжруулах зорилгоор е-mongolia цахим системээр дамжуулан зээлийн мэдээллийг 2024 оны 11 дүгээр сараас хүргэж, мэдээллээр хангасан. Зээлийн сангийн хуримтлагдсан авлагыг барагдуулах чиглэлээр олон улсын сайн туршлага судлах, хамтран ажиллах хуулийн фирмийг сонгон шалгаруулах зэрэг ажлыг төлөвлөж байна гэв. Дараагийн асуулт болох 2025 оны Төсвийн тухай хуулиар Боловсролын зээлийн сангийн санхүүжилтийг хэрхэн бүрдүүлэх талаарх асуултад сайд хариулахдаа, сангийн санхүүжилтэд 158.4 тэрбум төгрөгийн төсөв батлагдсанаас улсын төсвөөс 124.4 тэрбум төгрөг, бусад эх үүсвэрээс 33.6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор байна. Уг санхүүжилтийг хэрхэн бүрдүүлэх талаар гэрээний биелэлтийг дүгнэх, биелэлтэд хяналт тавих, гэрээний үүргийн биелэлттэй холбогдуулан өр, авлагыг барагдуулах зорилгоор хуулийн фирмтэй хамтран ажиллана. Мөн зээлийн эргэн төлөлтийг сайжруулах хүрээнд хууль, шүүхийн байгууллагатай хандан 2025 онд нийт 30.0 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг төлүүлэх зорилт тавин ажиллаж байна гэв.
Мөн УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, төрийн албан хаагчийг захиалгаар суралцуулж, чадавхжуулах бодлогын хэрэгжилт, нэн хэрэгцээтэй байгаа багш болон эрэлттэй бусад мэргэжлээр суралцагчдыг дэмжих хүрээнд Боловсролын зээлийн сангаас 2024 онд зарцуулсан төсөв болон тус сангийн санхүүжилтэд хамрагдахад баримталж буй бодлого болон зээлийн сангийн сонгон шалгаруулалтын явцыг цахимжуулах үйл ажиллагааны хэрэгжилт ямар байгаа талаар асуужээ.
Дээрх асуултад сайд П.Наранбаяр хариулахдаа, багш мэргэжлээр суралцагчдыг дэмжих хүрээнд 2024 онд 4728 суралцагчид 9.6 тэрбум төгрөг, багш ажилтны хүүхдийн сургалтын төлбөрийн тэтгэлэгт 2.0 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгосон. Дотоодын сургалтын байгууллагад эрэлттэй болон тэргүүлэх мэргэжпээр суралцагчдыг дэмжих зорилгоор 5208 суралцагчид 10.6 тэрбум төгрөгийн зээл, тэтгэлэг олгосон. Элсэлтийн шалгалтыг 2024-2025 оны хичээлийн жилээс эхлэн жилд хоёр удаа зохион байгуулж, 2025-2026 оны хичээлийн жилд босго оноог 490, орон нутгийн сургуулийн босго оноог 430 болгож 10 оноогоор нэмэгдүүлэв. Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагч ажиллангаа сурах, суралцангаа ажиллах боломжийг бүрдүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэв. Боловсролын сайд П.Наранбаярын хариулттай холбогдуулан Байнгын хорооны гишүүд зарим зүйлийг тодруулан асууж, хариулт авлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат, боловсролын салбарт 15 жил тасралтгүй ажилласан бол нэг хүүхдийг нь төрийн өмчийн их, дээд сургуульд үнэ төлбөргүй сургана гэсэн заалтыг эргэж харах шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, 15 жил тасралтгүй гэх хатуу заалтыг өөрчлөх эсэх талаар асуусан. Боловсролын сайд П.Наранбаяр, энэхүү заалтад уян хатан хандаж, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөр асуудлыг шийдэж болохоор зохицуулалт хийхээр төлөвлөж байна гэв.
ШИНЭ МЭДЭЭ

