Ц.Идэрбат: Тэтгэврээ аваад суухаас илүүтэй, өөрт байгаа эх үүсвэрээ эргэлтэд оруулах нь өөрт ч хэрэгтэй, улс оронд ч хэрэгтэй
УИХ-ын чуулганы /2025.05.09/-ний өдрийн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:
УИХ-ын гишүүн Э.Батшугарын өргөн барьсан Зээлийн мэдээллийн тухай хуулийг дэмжих 2 ч шалтгаан бий.
Нэгдүгээрт, 200 мянга гаруй хүн хар жагсаалтад орчихсон, гар утасны төлбөр төлөөгүй зэрэг янз янзын шалтгаанаар орчихсон байгааг болиулж, санхүүгийн оноог өгч олон улсын хэв маяг руугаа орох учраас дэмжиж байгаа.
Хоёрдугаарт, энэ хууль батлагдсаны дараах том ач холбогдол бол зээлийн хүү буурна. Зээлийн хүүд байгаа эрдслийн хүчин зүйлүүд багасна гэдэг зүйл бий. Тэгэхээр би 3 асуулт асууя.
1. Хар жагсаалт энэ хууль батлагдсанаар шийдэгдэнэ. Зээлийн хүү буурна гэдэг өндөр ач холбогдолтой энэ зүйл дээр Монголбанк ч тэр хууль санаачлагчдын хувьд яаж хүлээж авч байгаа вэ? Энэ бололцоог хурдан бий болгох ямар алхмууд хийхээр төлөвлөж байгаа вэ?
2. Монгол Улсын хэмжээнд тэтгэвэр, тэтгэмж авч байгаа 500-600 мянган хүний асуудлууд байна. Энэ хүмүүс өөрт оногдсон тэтгэврээрээ ЭЗ-ийн эргэлтэд оруулаад зээл хуй аваад өрхийнхөө болон өөрийнхөө орлогыг нэмэгдүүлээд явдаг олон хүн тэтгэврийн зээлийн асуудалд эмзэг хандаж байна. Холбогдох яамнаас нь 3-р сарын 7-оос хэрэгжсэн журмаа жаахан зөөлрүүлээч гэдэг хүсэлтийг Монголбанкинд ирүүлсэн. Тус банкны ерөнхийлөгч Энхтайван ажилд маш шуурхай хандаж байгаад би баяртай байгаа. Тэтгэврийн зээлийн нөхцөлийг 6-р сарын 27-оос хэлэлцэнэ гэж байна. Миний хувьд хугацааг нь жаахан наашлуулж, хуучнаар нь болгоод тэтгэвэр тэтгэмжээ эргэлтэд оруулаад, хэдэн төгрөгөө өсгөөд ингээд явах боломжийг аль болох хурдан бүрдүүлж өгөөч ээ гэж хүсье! Тэтгэвэрт гарсан хүний сэтгэл зүй өөр байдаг. Тэтгэврээ аваад суухаас илүүтэй, өөрт байгаа эх үүсвэрээ эргэлтэд оруулж орлого олоод явах нь өөрт нь ч хэрэгтэй, бүх зүйлд нь хэрэгтэй байдаг. Сэтгэл зүйн хувьд ч бас их өөр байдаг. Тэгэхээр Монголбанк заавал 6 сарыг хүлээлгүй энэ асуудлыг шийдэж өгөөч.
Цэрэг цагдаагийнхан маш залуугаараа тэтгэвэрт гардаг шүү дээ. 40 гараад л тэтгэвэрт гардаг. Заавал тэтгэвэр харахгүйгээр эргэлтэд оруулъя гэдэг нь улс оронд ч хэрэгтэй байх.
3.УИХ-ын дарга зээлийн хүү бууруулах онцгой ач холбогдол өгч байгаа. УИХ-д Зүүн бүсээс сонгогдсон Л.Соронзонболдоор ахлуулсан Зээлийн хүү бууруулах ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгаа. Тэгэхээр зээлийн хүү бууруулах энэ асуудлыг эхлүүлэхдээ энэ хуультайгаа уялдуулаад хамгийн эрсдэл багатай гэдэг энэ тэтгэврийн зээлийн хүүг бууруулахаас ажлаа эхлүүлэх бүрэн дүүрэн бололцоо байгаа гэдгийг УИХ-д байгаа ЭЗ, банкны салбарынхан хэлээд байгаа. Энэ тал дээр Монголбанк болон хууль санаачлагчдын хувьд ямар бололтой байдаг вэ? Бололцоо байгаа гэдгээ бидэнд тайлбарлаж өгөөч ээ.
Түүний асуултад УИХ-ын гишүүн Э.Батшугар, Монголбанкны төлөөлөл хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ

