МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Б.Жаргалан.Эдийн засгийн шийдвэрүүдээ аль чухлаар нь эрэмбэлж, хууль эрх зүйн орчноо хамтад нь шинэчлээд явах ёстой
2025.05.13
Эдийн засаг, Худалдаа

Б.Жаргалан.Эдийн засгийн шийдвэрүүдээ аль чухлаар нь эрэмбэлж, хууль эрх зүйн орчноо хамтад нь шинэчлээд явах ёстой

Энэ 7 хоногт Монгол Улсын 2026 оны төлөвлөгөө болон 2026 оны төсвийн хүрээний мэдэгдлийг УИХ-аар хэлэлцүүлэх гэж буй. 126 гишүүнтэй шинэ парламентад хоёр дахь чуулганы хугацаандаа ажиллаж байгаагийн хувьд намар төсөв батлагдсан хугацаатай харьцуулбал туршлагатай, асуудалд нягт хандаж, оновчтой шийдвэрүүд гаргана гэсэн  хүлээлт бий.

Монгол Улсын төсөв ба өнөөгийн байдал

Мэргэжлийн экспертүүдээс бүрдсэн, хараат бус, бие даасан байгууллага болох Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүд ЗГ-аас гаргасан төслүүдэд мэргэжлийн дүгнэлтүүд өгдөг. Монгол Улсын ТӨСӨВ НЭГДСЭН байх ёстой гэдэг үзэл санааны хүрээнд бүхий л бодлогын баримт бичгүүд гардаг. Гэтэл энэ байдал алдагдаад байгааг анхааруулж байна.

Учир нь Монгол Улсын төсвөөс дутуугүй хэмжээнд буюу хэдэн их наядаар Нийслэлийн төсвийг тусгайлан ярьдаг болсон нь олон нийтийн дунд шүүмжлэл дагуулсан асуудал болоод байгаа. Төрийн өмчит компаниуд МУ-ын төсөвт ногдол ашиг болоод бусад татваруудаар дамжиж нэгдсэн хуваарилалт хийх зарчимтай. Гэтэл хамгийн сүүлд төсвөөс гадуур бартер хийх замаар улсын төсвийн тогтолцоог эвдэх хэмжээний заалтууд тодорхой хуулийн шинэчлэл дээр орж ирсэн, хөгжлийн банкны асуудал, оффтейк гэрээ, зээл тусламжийн асуудал гээд Монгол Улсын төсвөөс гадуур төсвүүд бий болсныг Ардчилсан намын бүлгээс хийсэн мэдэгдэлд /2025.05.12/ дурдлаа.

Тухайлбал, Туулын хурдны замын төсөлд 1.9 их наяд төгрөгийн өртөгтэй тендер зарласан боловч үүнийг цуцлаад дахин 300, 400 тэрбумаар нэмэгдүүлж 2.4 их наяд болгон дахин зарласан байдаг. Сэлбэ дэд төв дээр нийт зарлагдах 36 багц эхний хоёрыг нь зарлаад байгаа. Энэ  нийлбэр дүнгээр 800, 900 тэрбум төгрөг. Мөн Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөд 2025 оны төсвийн тодотгол дээр 500 тэрбум төгрөг тавьж, газар чөлөөлөх ажлыг нь хийсэн. Одоогийн байдлаар нийслэлийн гаргасан 500 сая ам.долларын бондоор орон сууц барих эхний хоёр багцын тендер зарлачихаад байгаа. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Б.Жаргалан тодруулга авахад “нийслэлээс хэрэгжүүлж байгаа төслийн 20 хувь дээр үндэсний компаниудыг оруулна” гэж заасан гэжээ. Өөрөөр хэлбэл 100 төгрөг тутмын 20 төгрөгийг монголчууддаа өгөөд, 80 төгрөгийг хятадуудад өгнө гэсэн бодлого болсонд маш шүүмжлэлтэй хандаж буй.

Төсвийн ЗАРДЛЫН РЕФОРМ хийнэ!

ЭЗ-ийн, ОУ-ын макро нөхцөл байдлууд ихээр өөрчлөгдөж байгаа энэ цаг үед Ардчилсан намын зүгээс Төсвийн реформыг хийхийг зорьж байгаагаа дуулгалаа.

 Нэн түрүүнд төсвийн урсгал зардлыг бууруулж ДНБ 24 хувиас доош оруулах бодлогоор Төрийн албаны шинэчлэлийг хийх зорилго дэвшүүлж байна. Энэ хүрээнд төрийн албанд 230 гаруй мянган албан хаагчид бий. Энэ нь төсвийн урсгал зардлыг ихээр нэмэгдүүлж, дарамт үүсгэдэг тул төрийн захиргааны албан хаагчдын тоог 9 хувь бууруулъя гэсэн зорилт тавьсан гэв.

Төрийн хэт данхар байдлын эсрэг ЭЗ-ийн хөгжлийн яамнаас оруулж ирж байгаа хөгжлийн төлөвлөгөөнд ТББ-ын реформыг эрчимжүүлж, зардлыг 15 хувиар бууруулна, бүтээмжийг нэмэгдүүлнэ гэсэн тодорхой зорилтууд дэвшүүлснийг сайшаагаад 2026 оны төсвийг хэлэлцэх наврын чуулганы цаг мөчид дотоод, гадаадын макро нөхцөл байдлуудад үнэлт дүгнэлт өгөөд магадгүй төсвийн тодотгол хийх, хөрөнгө оруулалтын орон зайг хэрхэн яаж авч үзэж буй талаараа тодорхой дүгнэлтүүдийг хийх, удахгүй УИХ-д орж ирэх яамд болон хувь гишүүд дээр төлөвлөгдөж байгаа хуулийн төслүүдийг нэгдсэн, богино дунд хугацааны ЭЗ-ийн өсөлтийг дэмжих тэр чиглэл рүү зангидах бодлогыг дэмжих боломжтой цаг хугацаа гэж харж байгаагаа Б.Жаргалан гишүүн хэллээ.

Мөн цаашлаад 14 мега төслийн хувьд аль нь эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал ач холбогдолтойгоор нь эрэмбэлж санхүүжилт, хөрөнгө оруулалтыг асуудлыг нь шийдэх гэх мэт ЭЗ-ийн шийдвэрийг дэс дараалалд оруулах, түүнтэй уялдуулаад хууль эрх зүйн орчноо шинэчлэх асуудлыг хамт авч явах зорилтыг тавих ёстой. Тус тусдаа хууль хэлбэрээр биш, магадгүй УИХ цогц хөтөлбөр батлах, хуулийн шинэчлэлийн төлөвлөгөөнүүдийг явуулах уу гэх маягаар асуудалд хандах ёстой.

Эрчим хүчний хараат бус байдлыг зайлшгүй хангах шаардлагатай байна. Худалдааны боомтын дэд бүтцээ тэлэх гээд дэд бүтцийн хөрөнгө оруулалтаа шийдэх зайлшгүй шаардлагууд байна. Эдгээр нь түрүүлж явах ёстой. Эсвэл мөрөөдлийн жагсаалтдаа мөнгө зарах юмуу гээд бодитой шийдвэрүүдийг богино хугацаанд гаргах нь зайлшгүй шаардлагатай байна. Энэ хаврын чуулганаар эдгээр зүйлс дээрээ ахиц дэвшил гаргаж чадвал 2026 оны төсөв намар орж ирэх үед илүү бодитой, илүү нягт, хөгжил рүүгээ харсан зүйлсийг хийх боломжтой хэмээн байр сууриа илэрхийллээ.

ШИНЭ МЭДЭЭ