
Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ
Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч, Сангийн сайд Б.Жавхлан Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, валютын нөөцийн нөхцөл байдлын талаар танилцуулга хийлээ. Тус Ажлын хэсэг Засгийн газрын 2025 оны гуравдугаар сарын 19-ний өдрийн 135 дугаар тогтоолоор батлагдсан “Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад валютын улсын нөөцийг өсгөх чиглэлээр авч хэрэгжүүлэх цогц арга хэмжээ”-г хэрэгжүүлж байна.
Экспортын орлого энэ долоо хоногт 278 сая ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 17 хувиар өслөө. Энэ өсөлтөд нүүрсний экспорт 1.9 сая.тоннд хүрч, 25 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Гашуунсухайт боомтын хувьд нүүрсний овоолгын хэмжээ өндөр хэвээр байгаа боловч, сүүлийн долоо хоногт БНХАУ-ын татан авалт нэмэгдсэн, цаашид үргэлжлэн сайжрах төлөвтэй байна. Шивээхүрэн боомтоор өнгөрсөн долоо хоногт нийт 758 мянган.тонн нүүрс экспортолсон нь он гарснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Ханги боомтын хувьд нүүрсний нийт экспортын хэмжээ 1.4 сая.тонн болж өмнөх оны мөн үеэс 32 хувиар буурсан ба Ажлын хэсэг экспортыг нэмэгдүүлэх холбогдох арга хэмжээ авч ажиллаж байна.
Уул уурхайн биржийн арилжаа өнгөрсөн долоо хоногт нийт 480 мянган тонн нүүрс худалдаалж, он гарснаас хойших хамгийн өндөр арилжаа хийжээ.
Бусад уул уурхайн бүтээгдэхүүнүүд болох зэсийн баямжал, төмрийн хүдрийн экспортын хэмжээ үргэлжлэн нэмэгдэж байна. Зэсийн баяжмалын экспорт 42 мян.тн болж өмнөх долоо хоногоос хоёр хувиар, төмрийн хүдрийн экспорт 177 мян.тн болж 14 хувиар тус тус өслөө.
Гадаад валютын албан нөөц 2025 оны энэ сарын 15-ны өдрийн байдлаар 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллараар нэмэгдлээ.
Улмаар гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх хүрээнд Ажлын хэсгээс цаашид авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар танилцуулж, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх чиглэлд ногоон гарц, боомтын бүс нутагт газар олгох, боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж, шийдвэрлэлээ.
ШИНЭ МЭДЭЭ

