2025.05.26
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс
Ж.Энхбаяр: Төр ноос угаахгүй, арьс шир элдэхгүй, харин ААН-үүдээ дэмжиж хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг нь шийдэж өгнө
УИХ-ын чуулганы /2025.05.26/-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бейсений асуултад ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр хариуллаа.
Сүүлийн 5 жил улсын төсөв дээр нэг ч төгрөг тавигдаагүй хэвээрээ байгаа. Бид дахин саналаа өгсөн. Яаж батлагдахыг мэдэхгүй байна. Санал дээр 58 тэрбум гэж байгаа. Зайлшгүй шийдэх зүйл бол жижиг дунд үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн чиглэлийн бизнес эрхэлж байгаа ААН-үүдийг дэмжихийн тулд бүсчилсэн зээлийн бодлого гаргахгүй бол явахгүй юм байна. Баруун бүсийн зээлийн багц гэж тусад нь гаргаад баруун бүсийн жижиг дунд үйлдвэрийн зээлийн багц гэж тусад нь гаргаад зөвхөн тэр хүрээндээ хуваагддаг, ашиглагддаг байхгүй бол илүү чадавх сайтай, нөхцөл сайтай аймгууд тодорхой зээл дээр ороод байна. Энэ нь гомдол дагуулаад байгаа нь энэ жил их анзаарагдлаа. Тэгэхээр ирэх жил үүнийг засахын тулд Их хуралтай хамтран ажиллах шаардлага байна.
Ноосны үйлдвэр, Баян-Өлгийн хуучин ноос бэлтгэх үйлдвэр бий. Яамны бодлого үйлдвэр барихгүй. Үйлдвэр барих хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг нь шийдэж өгөөд байгаа юм. Үнэхээр Баян-Өлгий аймгийн үйлдвэр эрхэлдэг ААН-үүдээс энэ үйлдвэрийг босгоё, зээл авъя гэвэл яам бодлогын дэмжлэг өгөөд арилжааны банкуудад уламжлаад дэмжээд өгнө. Эх үүсвэрүүд байгаа. Тэгэхээр энэ бол нээлттэй. Төр бол ноос угаахгүй, арьс шир элдэхгүй. Энэ бол цэвэр бизнесийн байгууллагын хийх ажил тул оролцож болохгүй гэдэг УИХ-ын тогтоолтой. Ноднингийн төсөв батлахад маш хатуу хориглосон. Гадаадын зээл тусламж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хувийн хэвшлийн хийх бололцоотой, хөрөнгө оруулалт бизнесийн үйл ажиллагаанд улсын төсвийн мөнгөөр орж болохгүй гэдгийг үүрэгжүүлсэн. Тэгэхээр болохгүй. Зарим зүйл дээр яах аргагүй төр ороод хийх шаардлагууд байгаа. Тэгэхээр 2026 оны төсөв дээр анхаараад явъя.
ШИНЭ МЭДЭЭ


