
ОЛОН УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БАГА ХУРЛЫН 113 ДУГААР ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА
Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага (ILO)-аас жил бүр зохион байгуулдаг Олон Улсын Хөдөлмөрийн Бага хурлын 113 дугаар чуулган 2025 оны 6 дугаар сарын 2-13-ны өдрүүдэд Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо зохион байгуулагдаж байна.
Энэ удаагийн чуулганд ОУХБ-ын гишүүн 187 улсын Засгийн газар, ажил олгогч болон ажилтны төлөөлөгчид оролцож, хөдөлмөрийн салбарт тулгамдаж буй болон урт хугацаанд нөлөөлөх дараах гол сэдвүүдийг хэлэлцэх юм. Үүнд:
Ажлын байранд биологийн аюултай хүчин зүйлээс хамгаалах тухай олон улсын Конвенц болон Зөвлөмж боловсруулах асуудлаарх хоёр дахь хэлэлцүүлэг
Платформ эдийн засаг дахь зохистой хөдөлмөр:
Албан бус хөдөлмөрийг бууруулж, албан ёсны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих шинэлэг арга замууд:
2025 оны Нийгмийн Хөгжлийн Дэлхийн Дээд хэмжээний хоёрдугаар уулзалт дахь гурван талтын оролцоог нэмэгдүүлэх асуудал:
Далайн хөдөлмөрийн тухай конвенцод оруулах нэмэлт, өөрчлөлтүүдийг батлах.
Мөн хурлын хүрээнд:
- Удирдах зөвлөлийн даргын илтгэл
- Ерөнхий захирлын тайлан, тэр дундаа Арабын эзлэгдсэн нутаг дэвсгэр дэх ажилчдын нөхцөл байдлын талаарх тайлан
- 2026–2027 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн болон Төсвийн төсөл зэргийг хэлэлцэх юм.
- Уг чуулганд НҮБ-ын Женев дэх Төв болон Олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа, ГБХНХЯ-ны Хөдөлмөрийн бодлогын газрын дарга Х.Тамир, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Билгүүдэй, МАОЭНХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Нанжидсамбуу, МҮЭХ-ны ЕНБД Х.Буянжаргал тэргүүтэй Монгол Улсын төлөөлөгчид оролцож байна.
ШИНЭ МЭДЭЭ

