Б.Бат-Эрдэнэ: ААН-үүдийн мөнгөн хөрөнгө зах зээл дээр эргэлдэх ёстойгоос биш барьцаа болох ёсгүй
УИХ-ын чуулганы /2025.05.30/-ны өдрийн хуралдаанаар Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
Харамсалтай байна. Орон нутгийн иргэдээс санал бараг аваагүй. Байгаль орчиндоо амьдарч байгаа иргэдийн нөхцөл байдалтай холбоотой асуудлаа бүрэн дүүрэн судалж шийдвэрлээгүй байдалтай орж ирсэн. Хэд хэдэн асуудал бий.
Нэгдүгээрт, Зэрэглэл 1, 2, 3 гээд хуваачихсан ч томъёолол нь байхгүй. Төслийг байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, цар хүрээ, төсөл хэрэгжих газар нутгийн байршил, хүчин чадлыг харгалзан дараах байдлаар ангилна гээд. Зэрэглэл 1 нь ямар газар нутаг, ямар цар хүрээнд, яах нь тодорхойгүй. Яаж шийдвэрлэх нь ойлгомжгүй байдалтай.
Хоёрдугаарт, Зэрэглэл 1, 2, 3 ангилчихаад нөлөөллийн үнэлгээнд нэмэлт тодотгол хийх болон тодорхой хэмжээний нарийвчилсан үнэлгээтэй холбоотой асуудлуудыг амьхандаа заах гэж оролдсон. Гэтэл менежментийн төлөвлөгөөгөө мартсан. Менежментийн төлөвлөгөө чинь жил тутам үйл ажиллагаа явуулж байгаа хамгийн чухал нь. Гэхдээ нэгэнт ерөнхий үнэлгээ нарийвчилсан үнэлгээг монголчууддаа нээлттэй, урт хугацаанд байлгая гэж оруулж ирж байгаа бол менежментийн төлөвлөгөөгөө тэр хэлбэр рүүгээ оруулж өгөх ёстой. Тэр заалтаа хөндөөгүй. Өөрөөр хэлбэл уул уурхайн компаниуд ажил эрхэлье, аялал жуулчлалын компаниуд ажил эрхэлье, дэд бүтэц барилга байшинтай холбоотой үйл ажиллагаа явуулъя гэвэл энэ менежментийн төлөвлөгөөгөөр жил тутамдаа тодорхой хэмжээнд байгал орчинд нөлөөлөх зардал хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэрлэж гарч байгаа. Гэтэл үүн дээрээ хөндөөгүй орхисон. Жил болгон батална. Хэрэв батлагдахгүй бол тухайн компанийн үйл ажиллагаа, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа явахгүй. Ийм сөргөлдөөнтэй заалтууд байна.
Дээрээс нь ОУ-ын банкны баталгаа гэдгийг анх Mining Week-ээр оруулж өгөөд уул уурхайн компани, бусад компаниудаа дэмжиж байсан. Яахаараа компанийн мөнгөн хөрөнгийг үйл ажиллагаа явуулах зардалд нь тусгуулахгүйгээр барьцаа хөрөнгөөр авч үлдээд байдаг юм бэ? Банкны баталгаа бий. Ялгаагүй. Ямарваа нэг эрсдэл үүсвэл банкны баталгаагаар хангах үүрэг нь байдаг. Гэтэл энэ харилцааг тэр чигт нь орхичихож байгаа юм. Байгаль орчны яам тухайн хуулиар төсөв бүрдүүлэх эрх хүлээхгүй. Яагаад заавал ААН-үүд өөрсдөө бэлэн мөнгөө, мөнгөн хөрөнгөө эргэлдүүлээд, үйл ажиллагаагаа явуулаад ЭЗ-ийн эргэлтээ бий болгож байх ёстой байтал барьцаанд авч үлдээд байгаа юм бэ гэдэгтэй холбоотой асуудал байна. Үүнийгээ шийдээгүй. Уул нь хуулиар илүү тодорхой болгож өгөх ёстой.
ШИНЭ МЭДЭЭ





