2025.05.30
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Ц.Мөнхтуяа: Багш нарын цалин хөлсийг хангалттай нэмэгдүүлснээр багшийн хомсдолын асуудлыг шийднэ
УИХ-ын чуулганы 2025/05/30 ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Боловсролын санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хүүхэд бүрд суралцах тэгш боломжийг бүрдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар хэлэлцлээ.
Уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа асуулт асуув.
2017 оноос хойш би ганц л сэдэв ярьж байгаа. Энэ бол багшийн цалинг нэмэх. Сургууль нэмж барьж байгаа нь сайн хэрэг. Үүнийг би үгүйсгээгүй. Барьж байгаа сургууль, цэцэрлэгт ажиллах боловсон хүчин байна уу? Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг боловсролыг дэмжих жил болгоно гэсэн санаачлаг гаргалаа. 2026 оны боловсролыг дэмжих жилийг багш, ажилчдынхаа нийгмийн асуудлыг сайжруулна гэсэн бодитой, тодорхой зорилго тавихгүй бол сүүлийн 30 жил үлгэрийн юм ярьж явлаа. Сургууль, цэцэрлэг нэмлээ гээд багшийн хомсдол арилахгүй. Багшийн хомсдолыг багш нарын цалин хөлсөөр л арилгана. Багшийн цалин хөлсөө хэрхэн нэмэгдүүлэх юм, ямар бодлого барих юм бэ гэдгээ л яримаар байна. Тулга тойрсон зүйл яриад байна. Бодитой зүйл яримаар байна. 2026 оныг боловсролын жил болгож гэж байгаа бол багш нарын хүсээд байгаа цалинг 1000 долларт хүргэ. Цалин бага учраас чадвартай хүүхдүүд ирэхээ больсон. Сурлага муутай хүүхдүүд л багшийн сургууль орж ирж байна.
Түүний асуултад, Боловсролын сайд П.Наранбаяр хариуллаа.