Б.Жавхлан: Иргэд, аж ахуйн нэгжүүдийн үүрч буй татварын ачааг хөнгөлсөн тогтолцооны шинэчлэл хийхээр зорьж байна
2025.06.04
Эдийн засаг, Худалдаа

Б.Жавхлан: Иргэд, аж ахуйн нэгжүүдийн үүрч буй татварын ачааг хөнгөлсөн тогтолцооны шинэчлэл хийхээр зорьж байна

Дэлхий нийтийн хувьд эдийн засгийн сорилтын тодорхойгүй он жилүүд үргэлжилж байна. 

Бүгднайрамдчуудын хүрээлэнгээс гаргасан олон нийтийн санал бодлын судалгаанд Монгол Улсад хамгийн тулгамдсан асуудлын нэгдүгээрт судалгаанд оролцогчдын 31 хувь нь үнийн өсөлт, түүнийг дагасан татварын дарамт гэж хариулжээ.

Татварын тогтолцоонд реформ хийнэ

Хэдий бэрх цагийг туулж байгаа ч татварын дарамтыг бууруулж иргэдэд ээлтэй, татварын эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага үүссэн тул Засгийн газраас  Татварын багц хуулинд өөрчлөлт оруулах замаар тогтолцооны реформ хийхээр зорьж ирсэн хэмээн Засгийн газрын өнөөдрийн /2025.06.04/ хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэлдээ онцоллоо. 

Тэрбээр, Хамтарсан Засгийн газар хэд хэдэн салбар дээр реформын шинжтэй эрх зүйн орчны өөрчлөлтүүдийг хийхээр бэлтгэж ажлуудаа хангаад байгаагийн нэг нь ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ боловсруулсан явдал гэв. 

Мөн хууль боловсруулах явцад 13 мянган татвар төлөгч, ҮХАҮТ, Улаанбаатар хотын ҮХАҮТ болоод УИХ-аас ажлын хэсэг хамтран ажилласан. 150 гаруй удаагийн уулзалт хийж бүх талын оролцоог ханган, давхардсан тоогоор 176 мянган санал эдгээр хуулийн төслүүд дээр ирснийг онцолж байлаа.

Түүх сөхвөл,

2019 онд томоохон өөрчлөлт орсноос хойш даруй 5 жилийн дараа дахин өөрчлөлт оруулж боловсронгуй болгох шаардлага үүсээд буй. Анх 1992 онд татварын тогтолцоог бий болгож, 2004 онд томоохон өөрчлөлт оруулаад байсан юм. Одоогийн байдлаар хуулийн танилуулгыг УИХ дахь намын бүлгүүдэд хийгээд байна. 

Багц хуулийн өөрчлөлтөд дараах хуулиуд хамрагдана.

  • Татварын ерөнхий хууль
  • Хувь хүний орлогын албан татварын тухай
  • Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай
  • Нэмүү өртгийн албан татварын тухай гэсэн 4 хуулинд гол өөрчлөлтүүд орж байна. Эдгээрийг дагалдан Гаалийн албан татварын хуулинд тодорхой хэмжээний өөрчлөлтүүд орох аж.
Дээрх хуулийн шинэчлэл хийгдсэнээр
Иргэдийн амьдралд ямар өөрчлөлт орох вэ?

1. Иргэдийн сарын 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтыг 100 хувь, 800 мянган төгрөг хүртэлхийг 50 хувь, 800-аас дээшхийг 20 хувиар НӨАТ-аас хөнгөлөгдөнө. Ингэснээр НӨАТ-ын бүртгэл сайжирна гэж үзжээ.

2. Хөдөлмөр эрхэлж буй иргэдийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх буюу сарын 800 мянган төгрөг хүртэлх орлого 100 хувь хөнгөлөгдөнө. Ингэснээр татвар төлөгчдийн 45 хувь нь татвараас бүрэн чөлөөлөгдөнө. Тухайлбал, 2 сая төгрөгийн цалинтай хүн 800 мянган төгрөг дээр татвараас чөлөөлөгдөж 1,2 сая төгрөгөндөө татвар төлнө гэсэн үг юм.

3. Бүх нийтээрээ тэгш, шударга татвараа төлөх эрх зүйн орчныг бүрдүүлэх хүрээнд үйл ажиллагааны орлогыг шатлалд хамруулах, хялбаршуулсан горимоор тайлагнах босго дүнг 400 сая төгрөг болгож
үйл ажиллагааны орлоготой иргэдэд татварын хөнгөлөлт эдлүүлнэ.

4. Улаанбаатар хотоос орон нутагт шилжих суух иргэдийн амьдрах таатай орчныг бүрдүүлэх, эрчим хүчний хэмнэлттэй, хүртээмжтэй ногоон барилгыг нэмэгдүүлэхэд 15 сая төгрөг хүртэлх татварын хөнгөлөлт үзүүлнэ.

5. Татвар төлөгчийн тайлагнах үйл ажиллагааг хялбаршуулах, үүсч болзошгүй татварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор татварын албанаас тайлангын төслийг урьдчилан бэлтгэн хүргүүлдэг болно.

Аж ахуйн нэгжүүдийн татвар төлөлтөд ямар өөрчлөлт орох вэ?

1. ААН-ийн 25 хувиар татвар төлөх босгыг 6 тэрбум төгрөг байсныг 10 тэрбум болгон нэмэгдүүлж 6-10 тэрбум төгрөгийн татварын ашгийг 15 хувь болгон бууруулснаар ААН-үүдийг үйл ажиллагаа дэмжиж, өргөжих боломжийг олгож байна.

2. ААН-үүдийн хүний нөөцийг хөгжлийг дэмжих зорилгоор ажилтнаа сургах, мэргэшүүлэх болон ажилтны хувийн хэрэгцээний зардлыг хасагдуулахыг зөвшөөрч зардлыг төлсөн НӨАТ-ыг хасах боломжийг нээнэ.

3. Баримтгүй худалдан авалтыг бэлэн бусаар хийсэн тохиолдолд үнийн дүнд НӨАТ шингэсэн гэж үзэн хасагдах эрхийг мөн нээнэ.

4. ААН-үүдийн хууль даган мөрдөлтийн түвшин үйл ажиллагааны цар хүрээг харгалзан дотоод болон импортын НӨАТ-ын төлбөрийг 2 сар хүртэлх хугацаагаар хойшлуулах боломжийг бүрдүүлж ААН-ийн мөнгөн урсгал, уян хатан байдлыг дэмжинэ.

5. ЖДҮ-ийг дэмжих хүрээнд 1 хувиар татвар төлөх орлогын босгыг 1,5 тэрбум төгрөг байсныг 2,5 тэрбум болгон нэмэгдүүлж 3 жил хөнгөлөхөөр шинэчлэн зохицуулав...

Сангийн сайд Б.Жавхлан "Эдгээр татварын өөрчлөлтүүдээс үүсэх төсвийн нөлөөлөл 4 орчим их наяд төгрөг болж байгаа. Нэг удаагийн төсөв дээр ийм ачаалал авч дийлэхгүй тул 2026, 2027 онуудад төсөв дээр жигд хуваарилж зохицуулалтдаа оруулсан байгаа" гэв.

ШИНЭ МЭДЭЭ