
Д.Бум-Очир: Монгол хүн, морь хоёр ижилдэн дасаж, нэгэн амь, нэгэн бие мэт болдог онцлогтой
Морин харвааны холбооны хүлгүүд хулгайд алдагдсанаас эхэлсэн хэрэг монголын нийгэмд дуулиан дагуулаад буй. УИХ-ын гишүүн, судлаач Д.Бум-Очир морь, хүн хоёрын өвөрмөц харилцааг илэрхийлэх бичвэрийн өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.
Саяхан болсон адууны хэргийн тухай сонсоод сэтгэл ихэд эмзэглэв. Нэг талаас Монгол хүн адуугаа ингэж байх гэж дээ гэж, нөгөө талаас адуугаа хайрлаж харамсаж байгаа хүмүүсийн сэтгэгдлийг хараад Монголчууд үнэхээр адуундаа хайртай хэвээрээ юм байна даа гэх бодол төрлөө. Ингээд Монголчуудын адууны соёл, Монгол хүн морьтойгоо ямар өвөрмөц холбоотой байдаг тухай цөөн үг хэлмээр санагдлаа.
1. Монгол соёлын өвийг зөвхөн Монгол хүн тээж явдаг юм биш. Монгол ахуйд олон зууныг элээсэн эртний удамт, эрдэнэт мал сүрэг монгол соёлын өвийг бас тээж явдаг юм. Тэр тусмаа сүүлийн жилүүдэд морьт харваанд тусгайлан сургаж бэлдсэн тэдгээр морьд бол олон жил тасарч, хаягдаад байсан монгол дайчдын морин дээрээс харвах эртний хосгүй өв соёлыг шинэ цагт өвлүүлэн уламжлуулахад чухал хувь нэмэр оруулан монгол түмнийхээ магнайг тэнийлгэж, сэтгэлийг баясгаж байсан буянт хүлгүүд юм. Хүн төрөлхтний түүхэн хөгжилд extrahuman transportation буюу “хүнээс ангид байдаг тээврийн хэрэгсэл” тухайлбал адуу, усан онгоц ямар чухал үүрэг гүйцэтгэсэн тухай, тэр тусмаа нүүдэлчид хүчирхэгжин тэлэхэд адуу ямар чухал үүрэг гүйцэтгэсэн тухай Л. Мөнх-Эрдэнэ багш Nomadic Leviathan (2023) хэмээх шинэ бүтээлдээ бичсэн байгаа. Нээрээ ч хурдан хүлэг унаатай байсан нь тэр цаг хамгийн давуу талтай болж байсан нь тодорхой. Явган хүн, морьтой хүн хоёрын ялгаанаас харахад ойлгомжтой. Тиймээс “Морьтой ч болоосой” гэдэг кино хүртэл хийж, Оросод хүртэл Дэлхийн II дайнд гавьяа байгуулсан Монгол морьдод хүндэтгэл үзүүлэн “Ялалтад тэмүүлсэн морьд” гэх хөшөө хүртэл босгосон байгаа.
2. Дэлхийн олон ард түмний дотор морь хүн хоёрыг маш өвөрмөц харилцаатай болгодог цөөхөн соёл байдаг нь нүүдэлчдийн соёл тэр дундаа монгол нүүдэлчдийн соёл юм. Энэ бол хүн, морь хоёр онцгой нөхцөл байдал, цаг хугацааг хамтдаа туулж, нэгэн зүйлийн төлөө хамтдаа зүтгэж, ижилдэн дасаж, нэгэн амь, нэгэн бие мэт болдог онцлог юм. Нэг л жишээ хэлье. Хурдан морины уралдаанд уралдаж байгаа морь, унаж байгаа хүүхэд хоёр нэгэн зорилгын төлөө амьсгаа нь хүртэл жигдэрч, бие биеэ харилцан мэдэрч байдаг. Өөр хаана хүн гэдэг амьтан хүүхэд байхаасаа морийг ингэж мэдэрч ойлгох боломжгүй юм. Нэгэнтээ морь малаа ийнхүү ойроос хүн ёсоор мэдэрч өсдөг тул адуу малаа хайрлах, хүндэтгэх ёс Монголчуудад гүн гүнзгий төлөвшиг тогтсон.
3. Монголчууд адуу морио эрхэмлэн дээдэлдэг бас нэгэн чухал шалтгаан бол адуу их ухаантай амьтан гэдэг. Амьтанд ямар ухаан байх вэ гэж хүмүүс бодох байх. Ухаан гэнэ үү, зөн гэнэ үү, мэдрэмж гэнэ үү юм бол байх нь байдаг. Үүнийг “Монгол морины гайхамшиг” төслийнхөн GPS ашиглан гүйгүүл морьдын тухай баримтат кино хийж нотлон харуулсан. Хаа байсан Вьетнамаас, Европоос хэдэн мянган бээрийн тэртээгээс Монгол морьд нутгаа зорин ирдэг нь үнэн. Энэ тухай Төрийн шагналт зохиолч Ч. Лхамсүрэнгийн “Хүрэн морь” найраглалаас эхлээд “Шарга даага”, “Хийморь” зэрэг сайхан дэлгэцийн бүтээлүүд гарсан.
Энэ бүхэн өнөөдөр Монголчууд бид адуугаа яагаад хайрладаг, хойч үеийнхэн маань яагаад хайрлаж явах ёстойг тайлбарлаж байгаа болов уу. Монголын түүхийг адуугүйгээр төсөөлөх гээд оролдоод үзээрэй. Тэгвэл илүү сайн ойлгох болно. Монголчууд адуугүй байсан бол бид өнөөдөр өдий зэрэгтэй байх байсан болов уу?
ШИНЭ МЭДЭЭ



