МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2025.06.19
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

2025-06-19 — Улсын Их Хурлын дарга 94
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай, Б.Бейсен, П.Сайнзориг, Д.Үүрийнтуяа нар Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр /2025.06.19/ өргөн мэдүүллээ.

“Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ын 3.4.2 дахь заалт, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”-ын Зорилт 2.5, “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 1.1.3 дахь заалтыг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Хүнсний тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн үр дагаврын үнэлгээний тайланд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж нь импортоос хамааралтай, хүртээмж нь газар зүйн байршлаас хамаарч харилцан адилгүй байгаа, ядуурлын түвшин буурсан ч ядууралд ойрхон байгаа хүмүүс аливаа сөрөг хямрал (эдийн засаг, үнэ, уур амьсгал, эрүүл мэнд гэх мэт) үүсэхэд эргээд ядууралд өртөх эрсдэлтэй байгааг дурджээ.

Иймд хууль тогтоомжийн хэрэгжилтийг үр дүнтэй зохистой болгох зорилгоор Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, дараах харилцааг зохицуулахаар тусгасан байна. Тухайлбал, Хүнсний тухай хуульд хүнсний сүлжээнээс зохицуулагдаагүй үлдсэн байсан тээвэрлэлт, хадгалалт, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, хүнсний худалдаа, түгээлттэй холбогдсон харилцааг тусгажээ.

Хуулийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх шаардлагын үүднээс хүнсний аюулгүй байдлын онолын үзэл баримтлалд үндэслэн зарим нэр томьёог өөрчилж, шинэ нэр томьёог нэмж тайлбарласан байна.

Улсын болон орон нутгийн хэмжээнд хүнсний хангамжийг тодорхойлохдоо эн тэргүүнд хүүхдийн хоол, хүнсний нөөцийг бүрдүүлэх асуудлыг тусгахаас гадна сургуулийн хүүхдийн хоол үйлдвэрлэлд дотоодын үйлдвэрлэлийн хүнсний түүхий эд, хагас боловсруулсан болон бэлэн бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэлтийг дэмжихээр тусгажээ. Энэ хууль батлагдсанаар хүнсний аюулгүй байдлыг хангах тогтолцоо иж бүрэн цогц байдлаар хэрэгжиж, хүнсний баталгаат байдал сайжрах төдийгүй хүнсний экспортын чанар сайжирч, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдэнэ гэж хууль санаачлагчид үзэж байгаагаа илэрхийлсэн.

Хүнсний хяналтын тогтолцоог оновчтой болгосноор хүнсний сүлжээнд бүхэлд нь буюу хөдөө аж ахуйн анхан шатны үйлдвэрлэл, хүнсний үйлдвэр, тээвэр логистик, гадаад, дотоодын хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, түгээлт, хэрэглэгчийн хүнсний хэрэглээнд тавих хяналт сайжрах аж. Ингэснээр хүн амыг шим тэжээллэг, чанартай, баталгаатай хүнсээр хангах боломж нэмэгдэж, халдварын бус өвчлөл буурч, түүнтэй холбогдох зардал багасна. Мөн хэрэглэгч бодит мэдээлэлд тулгуурлан сонголтоо хийх чадвар, дадал төлөвшихөөс гадна хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн хариуцлага дээшилж, хүнсний баталгаат байдал сайжирна гэж үзжээ.

Төр, хувийн хэвшлийн хамтын хүчин чармайлтаар салбарын хүний нөөцийг чадавхжуулснаар хүнсний сүлжээний бүхий л үйл ажиллагаа мэргэжлийн удирдлагаар хангагдах нөхцөл бүрдэх юм байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

ШИНЭ МЭДЭЭ