Д.Энхтүвшин: Засгийн газрын бүрэлдэхүүнийг өөрчлөх асуудал орж ирэх бүрт олон нийтийн хэлэлцүүлэг хийгдэхгүйгээр төсөв тавьдаг "том цонх" нээгдэхээр харагдаж байна
УИХ-ын чуулганы /2025.06.25/-ны өдрийн хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:
Дагаж орж ирсэн хуулийн төслүүдтэй холбоотой 3 асуулт байна.
Нэгдүгээрт, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 7.5 дугаар заалтаар дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл батлагдсанаас хойш 3 сараас доошгүй хугацаанд тухайн жилийн төсвийн төсөлд төсвийн тодотголын төсөл өргөн мэдүүлэх, батлахыг хориглохоор заасан байгаа. 7.6-д нь энэ заалтад хамруулахгүй 2 зүйлийг тусгасан нь гамшгийн аюулын хор уршиг, онцгой нөхцөл байдлын үр дагаврыг арилгах гэсэн дээр нэмж Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбоотойгоор төсөв, төсвийн тодотгол батлахад энэ 7.5 дугаар заалт хамаарахгүй байхаар хуулийн төсөл өргөн мэдүүлсэн байна. Үүнтэй холбоотой нэг асуулт, нэг санал байна.
Энэ заалт их ерөнхий санагдаж байгаа. Сайд нарын эрхлэх асуудал өөрчлөгдөхөд, Засгийн газрын агентлаг, хороо байгуулах гэх мэт асуудлыг ярилцах үед олон нийтийн хэлэлцүүлэг хийхгүйгээр төсвийн тодотгол хийж зардлыг нэмэгдүүлэх юмуу бууруулах боломж нээгдэж байгаа. Энэ заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгч Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах хууль батлагдсантай холбоотойгоор гэсэн ерөнхий заалтыг Засгийн газар шинээр байгуулагдсантай холбоотойгоор гэж өөрчлөх саналтай байна.
Төсвийн тогтортой байдлын тухай хуулийн 7.5 дугаар заалтын талаар Сангийн сайд та юу гэж бодож байна? Саяхан Х.Булгантуяа даргын ахалсан ажлын хэсгийн хэлэлцүүлгийн үеэр энэ заалтад хамрах 2 ч асуудлыг энэ заалтад хамруулахгүй байх төсөл яригдах шаардлага байна гэж ойлгосон.
Хоёрдугаарт, Засгийн газар дахь хяналтын тухай хуулийн 1.1 дүгээр хэсэгт Хууль тогтоомжийн гэснийг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичиг, шийдвэрийн гэж өөрчлөхөөр тусгасан байна. Хуулийн төслийн үзэл баримтлал дээр нь харахаар Шадар сайдын буюу Эдийн засаг, хөгжлийн сайдын асуудал, хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичиг, ЗГ-ын үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавих, Хэрэг эрхлэх газрын даргын асуудалд хууль тогтоомж, ЗГ-ын шийдвэрийн биелэлтэд хяналт тавих асуудал гэж тусгажээ. Гэтэл ЗГ-ын тухай хуулийн 33.1.12-т ЗГХЭГ нь хууль тогтоомж, ЗГ-ын шийдвэрийн биелэлтэд тавих хяналт шалгалтыг зохион байгуулна гэсэн заалтыг 2024 оны 7-р сарын 10-нд энэ заалтыг хүчингүй болгосон. Тэгэхээр энэ нь цаашид аль субьектэд хамруулж хяналт тавих вэ?
Гуравдугаарт, Хууль тогтоомжийн тухай хуулийн 16.1-д Хууль тогтоомжийн төслийг үзэл баримтлалд нийцүүлэн боловсруулна гэж заасан байна. Засгийн газрын тухай хуулийн 34'2 дээр 2 дугаар заалтыг хүчингүй болгож байгаа. Үзэл баримтлалд ямар нэгэн зүйл дурдаагүй. Энэ заалтыг аваад үзэхээр 34.2.1 дээр 3 яам бий. ХХААХҮ-ийн сайд, ЦХИХХ-ны сайд, Эрчим хүчний сайд ажлын албатай байхаар заалт байна. Энэ нь эдгээр яамдын ажлын алба татан буугдаж байна гэсэн үг үү?
Түүний асуултад ЗГХЭГ-ын дарга Ц.Бямбацогт, Сангийн сайд Б.Жавхлан нар хариуллаа
ШИНЭ МЭДЭЭ





