МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.06.27
Эдийн засаг, Худалдаа

Б.Мөнхсоёл: Нийт 208 хуульд 1028 заалтаар төсвийн нэгдмэл бодлогыг алдагдуулах төсөв хуваарилсан заалтууд байгааг анхаараач ээ!

УИХ-ын чуулганы /2025.06.27/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хууль болон 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Б. Мөнхсоёл:

Төсвийн хүрээний мэдэгдэлд 2025 оны эдийн засгийн өсөлтийг 5,5, 2026 онд 5,7, 2027 онд 6,3% гээд харьцангуй өмнөх төсөөллөөсөө 0,2-2,5 функтээр бууруулсан, бодит байдал руугаа дөхүүлсэн төсөл өргөн баригдлаа хэмээн харж байна. Хэрэглээний үнийн индекс буюу инфляцын түвшнийг өмнөх төсөөллөөсөө бодит байдал руугаа чиглүүлсэн байна. Бодит байдалдаа буулгахад илүү нарийн судалгаа, шинжилгээ шаардлагатай байгааг гишүүд маань хэлж байгаатай санал нийлж байна. Төсөөллөөр энэ оны төсвийн орлого 3,3 их наяд төгрөгөөр бүрдэхгүй байх буюу буурах магадлал байна! Гэтэл 2025 оныхоо төсвийг 1,9 их наяд төгрөгөөр бууруулахаар төлөвлөж орж ирсэн байна. Үүнийгээ илүү танах чиглэл рүүгээ явбал яасан юм!

Нийт 208 хуульд 1028 заалтаар төсвийн нэгдмэл бодлогыг алдагдуулах төсөв хуваарилсан заалтууд байна. Үүн дээр анхаараач ээ! Нөгөө талдаа төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийг харахаар дөнгөж 12%-тай байна. Үүнийгээ хэрхэн, яаж эрчимжүүлэх юм. Наадмаар олигтой юм хийгдэх үү? Танах боломж байна, нөгөө талдаа зайлшгүй гэж үзэж байгаа хөрөнгө оруулалт бүтээмжийнхээ ажлуудыг хийх хэрэгтэй болчихжээ. Энэ мэт хөндөөд байвал олон асуудал байна. Төсвийн тусгай шаардлага гээд дүрэм дотор төсвийн урсгал зарлага ДНБ-тэй харьцуулахад 30%-аас илүүгүй байх ёстой. Үүнийгээ нэгдсэн хүснэгтдээ оруулж баймаар байна. Мөн төсвийн хүрээний мэдэгдэлд оруулж байгаа өөрчлөлтөө Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд зохицуулалт хийж, өөрчлөх боломжтой гэдгээ хууль ёсоор нь баталгаажуулах хэрэгтэй. 

ШИНЭ МЭДЭЭ