“MEF Youth – 2025” арга хэмжээнд оролцлоо
2025.07.07
Эдийн засаг, Худалдаа

“MEF Youth – 2025” арга хэмжээнд оролцлоо

“REBUILDING TRUST” буюу “ИТГЭЛЦЛИЙГ ДАХИН СЭРГЭЭХ НЬ” уриан дор зохион байгуулагдаж буй “MEF Youth – 2025” арга хэмжээнд оролцлоо.“Ирээдүйн эдийн засаг ба итгэлцэл дээр суурилсан дараагийн алхам” сэдвээр 3000 залуусын хамт салбарын экспертүүдтэй хэлэлцүүлэг өрнүүллээ. Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд геополитикийн зөрчил, худалдааны сөргөлдөөн, уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон шалтгаанаас үүдэлтэй тогтворгүй байдал түүхэндээ байгаагүй өндөр түвшинд хүрээд байна.

Ийм нөхцөлд эдийн засгийн бүтэц нь нэг салбараас хэт хамааралтай улс орнууд илүү их эрсдэлд өртдөг. Манай улсын хувьд экспортын 90 хувь, эдийн засгийн гуравны нэг нь уул уурхайгаас шууд хамааралтай байна.

Түүхий эдийн үнэ дэлхийн зах зээл дээр хэлбэлзэх бүрд

  • Монголын эдийн засаг савлаж,
  • Төсөв хүндрэлтэй болж,
  • Ханш, үнэ тогтворгүй болдог.

Тиймээс бидэнд эдийн засгийн дархлаа хэрэгтэй.
Энэ нь богино хугацаанд биш, дунд, урт хугацааны ухаалаг бодлогоор бий болно.

Жишээ нь Өмнөд Солонгос улс KPOP урлагаа эдийн засаг болгосон. Учир нь Blackpink, BTS зэрэг хамтлагууд 2010 оны эхээр үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш улсынхаа эдийн засагт 50 тэрбум ам.долларын нөлөө үзүүлээд байна. Өнөөдөр BTS хамтлагийн зөвхөн нэг тоглолт 900 сая ам.долларын орлого олж байна.Энэ нь манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 4-5% дангаараа эзэлнэ. Мөн та бидний мэдэх Los Angeles Lakers баг 2025 онд 10 тэрбум ам.доллароор зарагдаж дэлхийн спортын түүхэнд хамгийн өндөр үнээр үнэлэгдсэн баг боллоо.

Энэ багийн үнэ л гэхэд манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 45-50% дангаар эзэлнэ.Манайд ч гэсэн салбар бүрд ийм өндөр амжилт гаргах потенциалтай, авьяастай, ур чадвартай олон компани, баг, хүмүүс бий.Бидэнд соёл урлаг, спорт, хөдөө аж ахуй, технологи гээд салбар бүр эдийн засгийн эргэлтэд оруулах боломж байна. Үүгээр ч зогсохгүй залуусын "Хобби" буюу хүсэл сонирхол эдийн засгийн салбар болон өргөжих боломжтой.

5 тэрбум долларын зах зээлтэй цахим спортод шуугиулж буй “The Mongolz” багаас эхлээд 3Х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг, 8 настай хэр нь дэлхийн математикийн уралдаанд 1-р байр эзэлсэн Г.Хүслэн, 16 хүртэл насны дэлхийн чансааны нэгдүгээрт жагсаж буй Х.Тэргэл нарын жишээ харуулна. Монгол Улсын Засгийн газар Монгол хүний оюун ухаан, ур чадвар шингэсэн бүтээлүүдийг дэмжинэ. Бизнес эрхлэгчдийн өмнө тулгарсан зөвшөөрөл нэртэй хориглолтын дүрэм, журмыг цэгцэлнэ.

Олон улсын зах зээлд өрсөлдөх үүд хаалгыг нээнэ.Ганц салаа төмөр замаа олон болгож, Ганц тулгуурт эдийн засгаа солонгоруулна. Үүнд шинэ үеийн хүч болсон залуучуудын оролцоо, хичээл зүтгэл хамгийн чухал. Монголын ирээдүй бол олборлолтоос боловсруулалт руу, түүхий эдээс технологи, мэдлэг рүү шилжих явдал юм. Шавхагддаг баялгаа шавхагдашгүй ухаан болгож, залуусын оролцоо, бүтээлч байдлыг төрийн ухаалаг бодлоготой нийлүүлж байж бидний хөгжил эхэлнэ.

ШИНЭ МЭДЭЭ