
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН СОЁЛ, УРЛАГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БЭЛТГЭЛ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА
Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн үйл ажиллагаануудын бэлтгэл ажлын явцтай танилцах, цаашид анхаарах, хэрэгжүүлэх асуудлуудыг хэлэлцэх хурал өчигдөр /2025.06.30/ зохион байгуулагдлаа.
Хуралд Соёл, Спорт, Аялал жуулчлал, Залуучуудын сайд Ч.Ундрам болон холбогдох газрын дарга нар, Улсын драмын эрдмийн театр, Үндэсний урлагийн их театр, Улсын Хүүхэд, залуучуудын театр, Улсын Филармони зэрэг соёл, урлагийн байгууллагуудын удирдлагууд, уран бүтээлчдийн төлөөлөл оролцлоо.
Хурлаар наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаа, төрийн хүндэтгэлийн концерт зэрэг үйл ажиллагаануудын ерөнхий агуулга, найруулгын явц, үндэсний өв соёлыг орчин үеийн чиг хандлагатай хэрхэн уялдуулж байгаа талаар хэлэлцлээ.
Хэлэлцсэн үндсэн арга хэмжээнүүд:
- Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын хүндэтгэлийн арга хэмжээ
- “Алтан соёмбын эгшиглэн” хүндэтгэлийн концерт
- Төрийн дайллагын үеэрх соёл, урлагийн үзүүлбэрүүд
- “Дээлтэй Монгол” үндэсний хувцасны өдөрлөг
- “Монголын сайхан орон” гэрэл зургийн үзэсгэлэн
“Монгол бахархал – Мөнхөд гэрэлтэх Монгол” гэрэл зургийн үзэсгэлэн Мөн томоохон тоглолтуудын зохион байгуулалт, оролцох уран бүтээлчдийн бүрэлдэхүүн, тайзны хувцас хэрэглэл, техник тоног төхөөрөмжийн бэлтгэл ажлын талаар танилцуулж, хэрэгжүүлэх арга замуудын талаар хэлэлцэв. Уулзалтын төгсгөлд соёл, урлагийн салбарын уялдаа холбоог сайжруулах, бэлтгэл ажлын үе шат, цагийн хуваарийг нарийвчлан тодорхойлох, хариуцсан багуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргасан юм.
ШИНЭ МЭДЭЭ

