МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хуулийн хэрэгжилт, үр нөлөө сайжирч хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан эрх зүйн орчин бүрдэнэ
2025.07.01
Хууль, эрх зүй

Хуулийн хэрэгжилт, үр нөлөө сайжирч хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан эрх зүйн орчин бүрдэнэ

Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг (2025.01.23)-ны өдөр  Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар нарын гишүүд өргөн мэдүүлж, улмаар /2025.06.27/-ны өдөр батлагдсан билээ. 

2015 оноос хойш Хууль тогтоомжийн тухай хуулийн 93 хэсэг, 54 заалтад, давхардсан тоогоор нийт 111 хэсэг, 64 заалтад өөрчлөлт орж хөндөгдсөн тул бүтэц, нэр томьёо, агуулгыг жигдлэх хууль зүйн техникийн шинжтэй засвар, өөрчлөлтийг хийх шаардлага үүссэн байна.

  • Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, зарчмын шинжтэй дараах зохицуулалтуудыг тусгажээ. 
  • Тухайлбал, хууль санаачлагч хууль тогтоомжийн төслийн үр нөлөөний үнэлгээг судалгаа, шинжилгээний байгууллага, судлаачаар хараат бусаар гүйцэтгүүлдэг байх нь зүйтэй хэмээн үзсэн байна.
  • Мөн хуулийн төслийн хүний эрхийн нийцлийг тодорхой аргачлалаар үнэлдэг болох; хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг илүү өргөн хүрээнд тооцох; шаардлагатай тохиолдолд тухайн асуудлаар харьцуулсан судалгаа хийж, хууль тогтоомжийн төслийн бүрдүүлбэрт хавсаргаж байх нь зүйтэй хэмээн төсөл санаачлагчид үзэж, холбогдох зохицуулалтыг төсөлд тусгажээ.
  • Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулахдаа тухайн төсөл нь анх батлагдсан хууль болон дагалдаж буй хуулийн төслийнхөө үзэл баримтлал, агуулгад нийцсэн байх; төслийн талаарх олон нийтийн саналыг хуулийн төсөлд тусгасан эсэх, холбогдох тайлбар, үндэслэлийг хуулийн төслийн дэлгэрэнгүй танилцуулгад тусгадаг байх зохицуулалтыг Хууль тогтоомжийн тухай хуульд тусгахаар холбогдох зохицуулалтыг төсөлд тусгасан байна.

Энэхүү хуулийн төслийг УИХ-ын гишүүн  О.Номинчимэг ажлын хэсгийн ахалж, УИХ-ын гишүүн У.Отгонбаяр, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, С.Эрдэнэболд нарын бүрэлдэхүүн ажиллажээ.

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч О.Номинчимэг

Хууль тогтоомжийн тухай хуульд үндсэн гурван өөрчлөлтийг оруулсан юм.

Нэгдүгээрт,

бид хүн төвтэй хууль бүтээхийг зорьж байна. Манай улсын эрх зүйн системийг бүхэлд нь харвал хууль биш захиргааны хэм хэмжээний акт, дүрэм журмаар нийгмийн харилцааг зохицуулдаг болсон байна. Дүрэм, журам бол хуулиас эхтэй байх ёстой ч тэнцвэр алдагдаж, гажуудал үүссэн. Хэм хэмжээний акт үйлдэх хүрээ хязгаарыг тодорхойлж өгөхгүй бол хуулиас гадуур, хуулиас давсан, хүний эрхийг зөрчих үзэгдэл практикт түгээмэл гарч байна. Тиймээс шалгуур үзүүлэлтүүдийг тодорхой оруулсан.

Хоёрдугаарт,

Үндсэн хуулиар бид хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийг цогцлооно гэж тунхагладаг. Хэрэв хүний эрхтэй холбоотой хязгаарлалт хийх бол Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ, конвенц, Үндсэн хуульд заасан шалгууруудыг хангах ёстой. Хууль санаачлагч хүний эрхтэй холбоотой асуудалд заавал дүн шинжилгээ хийх ёстой гэсэн үзэл санааг оруулсан.

Гуравдугаарт,

хууль бичихдээ хараат бус, бие даасан, судалгаа шинжилгээнд үндэслэж, олон нийтийн саналыг тусгасан байх ёстой. Урьд нь хууль санаачлагч нь хэрэгжилтийн үр нөлөө, тандан судалгаа, зардлын тооцооллоо гаргадаг байсан. Ингэхээр хэт нэг талыг барьсан тайлан судалгаануудыг бэлддэг байв. Одоо хөндлөнгийн бие даасан судлаачдыг оролцуулан, олон нийтээр хэлэлцүүлж, иргэдийн саналыг тусгасэн эсэх талаарх тайлбараа бичин хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлж байхаар болж байна.

Нэн яаралтай горимоор өргөн барьж байгаа хуулийн төсөлд зардлын тооцоо, тандан судалгаа, үр нөлөөний үнэлгээ, хэрэгжилтийн үр дүн гээд дөрвөн судалгаа хийгддэггүй байсан. Үүнийг ажлын хэсэг дээр ярилцаад заавал зардлын тооцооллыг хийж байх ёстой гэсэн хууль зүйн шалгуурыг оруулж өгсөн.

Хуулийн төсөл батлагдсанаар хуулийн хэрэгжилт, үр нөлөө сайжрахын зэрэгцээ аливаа хууль тогтоомж Үндсэн хуулийн суурь зарчим, хэм хэмжээний агуулгад нийцэж, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан эрх зүйн орчин бүрдэнэ.

Хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчил арилж, хэм хэмжээ тогтоосон захиргааны бусад хэм хэмжээний акт, дүрэм, журмыг батлах асуудал цэгцэрч, хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах үйл ажиллагааны чанар, үр өгөөж нэмэгдэхийн сацуу хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулахдаа судалгаа, үнэлгээг үндэслэдэг болох ач холбогдолтой юм.

ШИНЭ МЭДЭЭ