МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Суурьшлын бүсийг шинээр төлөвлөхдөө 250 өрхөд 1 цэцэрлэг, 1000 өрхөд 1 сургууль  байхаар тооцдог болно
2025.07.09
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Суурьшлын бүсийг шинээр төлөвлөхдөө 250 өрхөд 1 цэцэрлэг, 1000 өрхөд 1 сургууль байхаар тооцдог болно

Хот байгуулалтын тухай хуулийг анх 1998 онд баталсан бөгөөд хот байгуулалтын салбарын хөгжлийн чиг хандлагад үүссэн цаг үеийн шаардлагаар уг хуулийг 2008 онд шинэчлэн найруулж, нийт 8 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан.

Энэ хууль нь тухайн үеийн нөхцөл байдал, хүн амын төвлөрөл, байршлыг харгалзан тооцож баталсан бөгөөд сүүлийн 20 гаруй жил Улаанбаатар хотын хүн ам хоёр дахин нэмэгдсэн учир энэхүү эрх зүйн зохицуулалт нь цаг үеийн шаардлагаа хангахгүй байна.

Үүний улмаас сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муудсан, нийгмийн үйлчилгээ, ногоон байгууламж, дэд бүтцийн хангамж алдагдаж, иргэдийн амьдрах орчинд сөргөөр нөлөөлж байгаа учир Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан санаачлан 2025.05.02-ний өдөр УИХ-д өргөн барьж, УИХ-ын чуулганы 20255.07.09-ний өдрийн хуралдаанаар эцэслэн баталлаа.

Тодруулбал, Улсын Их Хурлаас баталсан “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд суурьшлын бүс шинээр байгуулах хот төлөвлөлтийг хийхдээ иргэдийн эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах эрхийг хангах, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг оновчтой төлөвлөх, үүнд хяналт тавих эрх зүйн орчныг шинэчлэн бүрдүүлэх зорилгоор уг хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөлд хот, тосгоны ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөг боловсруулахдаа хуульд заасан шаардлагад зайлшгүй нийцүүлэх зохицуулалтыг тусгаснаар аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуулийн холбогдох шаардлагад нийцсэн эсэхэд хяналт тавьж, батлах эрх зүй тодорхой болох юм.

аймаг, нийслэлийн аливаа хот, суурин газрын төлөвлөлтөд, суурьшлын бүсийг шинээр төлөвлөхдөө нэн тэргүүнд хүүхдийн суралцах цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг харгалзаж, 250 өрх бүрд нэг цэцэрлэг, 1000 өрх бүрд нэг төрийн өмчийн сургууль байхаар тооцдог болох аж.

ШИНЭ МЭДЭЭ