
С.Цэнгүүн: Үнэхээр одон медаль тараагаад хөгждөг бол бүх хүнд медаль өгөхсөн
Улсын баяр наадмын өмнө Ерөнхийлөгч зарлиг гаргаж Төрийн дээд шагнал, одон, медаль гардуулдаг. Энэ дагуу өчигдрөөс эхлэн салбар бүрийн шилдэг гэсэн хүмүүст шагналаа гардуулж эхэлсэн. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн С.Цэнгүүн байр сууриа илэрхийлж, зарим талаар шүүмжиллээ.
Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Энэ жилийн наадам өргөн дэлгэр сайхан болох шинжтэй. Нэг аймаг, 24 сумын 100 жил тохиож байна. Үүнээс өмнө хэлэхгүй бол болохгүй нэг асуудал байна. Энэ бол замбараагүй тараагдаж байгаа одон медалийн асуудал. Үнэхээр одон медаль тараагаад хөгждөг бол бүх хүнд медаль өгөхсөн. Гэвч харамсалтай нь тийм биш юм.
Та бүхэнд цөөн тооны баримт, статистик хэлье.
Жилд улсын байгууллагаас олгож байгаа нийт шагналын тоо “Алдарт эхийн одон”-г тооцохгүйгээр 40,000 гаруй байна. Одоо энэ хэвээрээ одон, медаль шагнал тараавал 10-20 жилийн дотор МУ-ын насанд хүрсэн бүх хүн төрөөс ямар нэг шагнал бүгд авч дуусах төлөвтэй.
Монгол Улсын 21 аймаг нийлээд, жил бүр зөвхөн шагнал тараахад 1.5 тэрбум төгрөгийг төсвөөс зарцуулдаг.
ХХААХҮЯ улсын аварга малчин, хошой аварга малчин, тариаланч, тариаланч хамт олон, саальчин, фермерүүдэд жил бүр 1.7-2.4 тэрбум төгрөг зарцуулж байна.
- 2024 онд шинээр “Улсын аварга малчин” 195 төрсөн. Олимп хүртэл нэг л аваргатай байдаг биз дээ?
- 2024 онд Хөвсгөл аймаг “Аймгийн аварга малчин” 160-ыг шинээр төрүүлж, улсдаа тэргүүлсэн бол мөн “Аймгийн аварга саальчин” төрүүлсэн тоогоороо улсдаа бас л тэргүүлсэн.
- 2024 онд Баян-Өлгий аймаг шинээр “Аймгийн хошой аварга малчин” төрүүлсэн тоогоороо улсдаа тэргүүлсэн.
- 2024 онд улсын хэмжээнд “Аймгийн аварга малчин” шинээр 1029 төрсөн.
Боловсролын яам 2024 онд 7400 орчим шагнал, тэмдэг тараасан тоогоороо тэргүүлсэн бол ЭМЯ 4400-г тарааснаараа хоёрдугаарт орж, бусад яамдуудаа манлайлжээ.