МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.07.02
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Ж.Алдаржавхлан: Төсөл төлөвлөгөө нь гарч, гүйцэтгэгч нь тодорсон сургуулийн бүтээн байгуулалтын ажил газраа чөлөөлж өгөөгүйн улмаас удааширч байна

УИХ-ын чуулганы /2025.07.02/-ны өдрийн хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан асуулт асуулаа.

Хуулийг дэмжиж байгаа. Гурван асуулт байна.

Нэгдүгээрт, Х.Нямбаатар дарга гэр хорооллын орон сууцжуулах гэж байгаа. Мөн ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцуудыг дахин төлөвлөнө гэж байгаа. Бизнесийн ашиггүй байршилд байгаа барилгуудыг яах вэ? Тухайлбал, Биокомбинатад байгаа барилгуудыг нураагаад оронд нь байшин барья гэхээр хэн ч сонирхохгүй. Иргэд нь маш хүнд байдалтай байдаг иймтөслүүдийг яаж шийдэх вэ? Бизнесийн байгууллагууд тийшээ орохгүй юм байна лээ.

Хоёрдугаарт, та бид 2 Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд Жигүүр Гранд компанитай уулзаж газар авахаар тохироод оронд нь нийслэлээс газар авч сургууль барихаар болж гүйцэтгэгч нь сонгогдчихсон байгаа. Гэтэл өнөөдрийг болтол Жигүүр Гранд компани газраа чөлөөлж өгөхгүй байна. Сургуулийн барилгаа эхэлмээр байна. Энэ асуудал дээр ямар арга хэмжээ авах вэ?

Гуравдугаарт, Э.Бат-Амгалан гишүүнд ирсэн асуудлыг дамжуулахгүй бол болохгүй нь. БЗД-ийн 26 дугаар хорооны Чю Эл хотхоны урд зөвшөөрөлгүй маш том стандартын бус барилгыг эхлүүлсэн гэдэг мессэж иргэдээс ирүүлсэн байна. Энэ асуудалд онцгой анхаарч өгөөч ээ!

Түүний асуултад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ