
УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнг Бүсчилсэн хөгжлийн дэд хорооны даргаар томиллоо
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2025.07.09/ хуралдаанаар УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнг Бүсчилсэн хөгжлийн дэд хорооны даргаар томиллоо.
М.Бадамсүрэн нь 1978 онд төрсөн эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Тэрбээр 1996 онд Дорнод аймгийн Чойбалсан хотын 1 дүгээр сургууль, 2000 онд ШУТИС-ийг газрын тосны инженер мэргэжлээр, 2015 онд Удирдлагын академийг төрийн захиргааны менежментийн чиглэлээр суралцан төгсч, 2020 онд ШУТИС-д техникийн ухааны магистрын зэрэг хамгаалсан, тус сургуулийн профессор юм байна. М.Бадамсүрэн нь 2001-2002 онд Дорнод аймаг дахь Нефть хангамжийн газрын түгээгч, эрхлэгч, 2007-2009 онд “Магнай трейд” ХХК-ийн салбарын дарга, 2009-2012 онд Дорнод аймгийн МАН-ын хорооны дэд дарга, 2012 оноос Дорнод аймгийн МАН-ын хорооны дарга, 2014-2015 онд Дорнод аймгийн Засаг даргын орлогч, 2015-2024 онд Дорнод аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад 2024 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон юм. УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнгийн УИХ-д сонгогдон ажилласан туршлага, төрийн ажлын мэдлэг, ур чадварыг харгалзан УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны харьяа Бүсчилсэн хөгжлийн дэд хорооны даргад нэр дэвшүүлжээ.
ШИНЭ МЭДЭЭ

