ГАЗРЫН ТОСНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ
2025.07.09
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

ГАЗРЫН ТОСНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.07.09) Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, Ц.Идэрбат, У.Отгонбаяр, Г.Ганбаатар, М.Ганхүлэг, Л.Соронзонболд, Ш.Бямбасүрэн, Л.Мөнхбаясгалан, Н.Наранбаатар, Р.Сэддорж, Ц.Мөнхбат, Р.Эрдэнэбүрэн, Б.Дэлгэрсайхан нар Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.

Газрын тос нөөц ашигласны төлбөрөөс Баялгийн төрөлжсөн сангууд, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд болон газрын тосны ашиглалтын нөлөөлөлд өртөж буй тухайн аймаг, сумдын Орон нутгийн хөгжлийн сан, Бүсийн хөгжлийн санд хуваарилах, мөн гэрээлэгчтэй байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээнд заасны дагуу газрын тосны борлуулалтын орлогоос Засгийн газарт ногдох орлого, газрын тос олборлох, боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн ногдол ашгийг Хуримтлалын санд хуваарилах харилцааг зохицуулахаар уг хуулийн төслийг боловсруулсан байна.

Уг хуулийн төсөл батлагдсанаар газрын тосны нөөц ашигласны төлбөр Үндэсний баялгийн сан, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан, Бүсийн хөгжлийн сан, тухай аймаг, сумын Орон нутгийн хөгжлийн санд оновчтой хуваарилагдаж, газрын хэвлийн баялаг газрын тосыг ашиглах явцад тухай орон нутгийн хүн амын эрүүл, аюулгүйн орчинд амьдрах эрхийг хамгаалах, амьжиргааг нь дэмжих, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг хамгийн бага байлгах, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээхэд шаардагдах төсөв, хөрөнгийг зохистой зарцуулах боломж бүрдэнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

ШИНЭ МЭДЭЭ