Ц.Идэрбат: Ахмадын тэтгэврийн зээлийн бодлогыг урт хугацаатай тодорхой болгох шаардлагатай
УИХ-ын чуулганы 2025.07.03-ны өдрийн хуралдаанаар “Зээлийн хүүг бууруулах талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Идэрбат дараах байр суурийг илэрхийллээ.
Монголын ахмадуудыг бараг 4 сар бухимдуулсан асуудал нэг тийшээ шийдэгдэж байх шиг байна. Ирэх 7 хоногийн хурлын шийдвэр гарах байх. Гэхдээ үүн дээр арилжааны банкнууд руу дотоод үйл ажиллагаанд нь оролцдоггүй ч гэлээ маш тодорхой болгоод өгөөрэй. Тэгэхгүй бол маш ойлгомжгүй олон зүйлүүд болж, ахмадуудыг маш их чирэгдүүлдэг. Үүнийг та бүхэн сайн анхаараарай. Гэнэтийн шийдвэр гаргана гэдэг өөрөө ямар их хортой үр дагавартай вэ гэдэг нь тэтгэврийн зээлийн асуудлаар гарч ирж байна. Цаашдаа тэтгэврийн зээлийн бодлого урт хугацаандаа тодорхой байвал хэн, хэндээ бас амар юм. Энэ нь амьдрал дээр ч харагдаж байгаа. Энэ УИХ-ын тогтоолыг бол зарчмын хувьд дэмжиж байгаа.
УИХ дээр хүү бууруулах асуудлыг бүр бодитой ажил хэрэг болгох ажлын хэсэг гаргаад Л. Соронзонболд гишүүн зүүн бүсийн гишүүн ахлаад ажиллаад, тодорхой саналууд оруулж ирж байна. Хүү бууруулах асуудал зөвхөн мөнгөний бодлого яригдах үеэр халти дурдагдаад л өнгөрдөг шүү. Харин энэ удаа тусгайлан ярьж байгаа нь нэлээн дэвшил гарна гэж харж байгаа. Тэтгэвэртэй холбоотой дараагийн нэг тодруулах зүйл зээлийн хүүгийн асуудал. Зээлийн хүү бууруулах асуудал урт хугацаандаа явах байх. Гэхдээ хамгийн хурдан хийх бололцоотой нь тэтгэврийн зээлийн хүүгийн асуудал. Яагаад гэвэл найдвартай эх үүсвэртэй. УИХ-ын тогтоолоос хэрэгжилтийг хангахаас өмнө, Монгол банкны зүгээс санаачилга гаргаад ажиллах бололцоо байгаа юу.
Өнөөдөр Ерөнхий сайд та бүхэнд тодорхой чиглэл өгсөн байх. Дараагийн нэг зүйл банк бус санхүүгийн байгууллагуудад зээлийн эх үүсвэр олгохгүй 6 сар болж байна. Тодорхой үр дүн гарч байгаа юу? Хэрэглээний зээл хумигдсан уу. 500 гаруй ББСБ 5, 6 их наяд төгрөгийн хэрэглээний зээл гаргачхаад байгаа юм билээ. Гаргаж байгаа шийдвэр үр дүнд хүрч байна уу, үгүй юу. Гадаад банкны салбар байгууллагатай холбоотой асуудал энэ тогтоолын төсөлд орж ирж байна. Энэ асуудал ямар түвшинд явж байгаа вэ .
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ



