МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ирэх онд цалин тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх боломжтой гэв
2008.12.10
Улстөр

Ирэх онд цалин тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх боломжтой гэв

УИХ дахь МАН-ын гишүүд өчигдөр ээлжит хуралдаанаа хийж ирэх оны төсвийн төсөл болон бусад асуудлыг хэлэлцжээ. УИХ-ын гишүүн Н.Энхболд, С.Бямбацогт нар сэтгүүлчдэд мэдээлэл хийж, бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлаа танилцуулсан юм.

Төсвийн зарлага, хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдсэн ч ирэх онд цалин, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ нэмэгдэхээргүй байгааг МАН-ын гишүүд шүүмжилсэн байна. МАН-ын гишүүдийн судалснаар өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд цалин, тэтгэвэр тэтгэмж 2.5 дахин нэмэгджээ. Түүнчлэн МАН гурван жилийн өмнөөс цалин, тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг нэг сая төгрөгт хүргэх боломж бүрдэж байгааг үндэслэн зорилт тавьж байжээ. Энэхүү зорилтын хэмжээнд хүргэх боломжгүй байлаа гэхэд ядаж тодорхой хувиар нэмэх нь зүйтэй гэдгийг Н.Энхболд гишүүн онцолж байв. Дээр нь ямар ч задаргаагүйгээр их хэмжээний мөнгө төсөвт суулгахаар болсныг МАН-ын гишүүд дараа, дараагийн хэлэлцүүлгийн үед эсэргүүцэхээ мэдэгдсэн юм.

УИХ-ын гишүүн Н.Энхболд "Ерөнхий сайдын багцад байгаа 50 тэрбум төгрөгийнхөө задаргааг танилцуулахыг Засгийн газраас хүссэн.

Гэтэл хөрөнгө оруулалтын таван хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг ямар ч зориулалтгүйгээр Засгийн газрын мэдэлд өгөх агуулгатай хуулийн төсөл санаачлан оруулж ирээд хэлэлцэх эсэхийг нь дэмжүүлсэн. Энэ нь бусад хуультай нийцэхгүй байгаагаас гадна төрийн эрх мэдлийг хуваарилах зарчимд нийцэхгүй байна. Ялангуяа Засгийн газрын бараг бүх гишүүд нь УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа тохиолдолд зарцуулалтгүй, тодорхойгүй их хэмжээний мөнгийг тэр чигээр нь батлах магадлалтай. Баталсан тохиолдолд хариуцлагатай зарцуулах нь юу л бол. УИХ-ын зүгээс тавих хяналт тавихад ч түвэгтэй байх нь. Дээр нь улсын төсвийн хөрөнгө оруулалт аймаг орон нутагт асар их ялгаатай байна. Сайд нар Засгийн газарт ажиллаж байгаа давуу байдлаа ашиглаж төсвийгдураараа хуваарилсан байна, Төсвийн дараа дараагийн хэлэлцүүлгийн үеэр дээрх байдалд анхаарлаа хандуулж ажиллана" гэв.

Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Шинэчлэлийн Засгийн газар нэлээн шинэчлэгдсэн ард түмэн рүүгээ хандсан төсөв оруулж ирэх болов уу гэж бид харж байлаа. Гэтэл байдаг л нэг хуучинсаг арга барилаар хийсэн төсөв оруулж ирлээ. Товчхон дүгнэхэд, ард түмний биш албан тушаалтнуудын хөрөнгө мөнгийг нэмэгүүлэх төсөв орж ирсэн. Үүнээс гадна багш нарын 36 сарын тэтгэмжийг хасах саналыг Засгийн газар оруулж ирсэн. Бид үүнийг эсэргүүцэж багш нарт тэтгэмжийг нь хуулийн дагуу олгуулахаар боллоо. Туүнчлэн жижиг, дунд үйлдвэрийи тоног төхөөрөмж импортлогчдын татварыг бууруулах хуулийг хүчингүй болгох, оёмол сүлжмэл эдлэлийн татварыг нэмэх санал оруулж ирснийг МАН-ын бүлэг эсэргуүцэж болиулсан гээд дурдвал цөөнгүй юм байна. МАН-ын бүлгийн байр суурь бол зах зээлд хямрал нүүрлэж байгаа энэ хунд үед ахмадууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих бодлого баримтална" гэсэн юм.

Мөн МАН-ын гишүүд өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Ерөнхийлөгчийн Тамгын газраас өргөн барьсан УИХ-ын болон УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцжээ. Улмаар энэхүү төслийг төсвийн тухай хуулийн төсөл-тэй зэрэг хэлэлцэж батлах нь зүйтэй гэж үзжээ. УИХ-ын болон УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-д суудалтай бүх нам, бие даагч гишүүдийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг хэд хэдэн удаа хуралдаж санал нэгдсэн учраас ийнхүү хурдан хугацаанд хэлэлцэн батлах боломжтой юм байна.

Ийнхүү мэдээлэл хийх үеэр Н.ЭНХБОЛД гишуүнээс зарим зуйлийг тодрууллаа.

-Танай нам ирэх онд цалин, тэтгэвэр тэтгэмжийг хэдэн хувиар нэмбэл төсөвт дарамт үүсэхгүй гэж үзэж байгаа вэ?

Н.ЭНХБОЛД: -Манай намын бүлэг цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх талаар судалгаа хийж байгаа. Энэ бол зөвхөн ирэх оны төсөвтэй холбоотой асуудал биш. Цаашдаа баримтлах бодлого гэж үзэж байгаа. Яагаад гэвэл, зах зээлийн түүхэнд бараа бүтээгдэхүүний үнэ буурсан тохиолдол байдаггүй. Ялангуяа, дэлхийн эдийн засаг хямарч байгаа энэ үед бараа, бүтээгдэхүүний үнэ улам нэмэгдэнэ. Тиймээс цалин, тэтэгвэр тэтгэмжийг нэмэх шаардлагатай. Гэхдээ бид улс орны санхүү, засгийн чадамжаас давсан зүйл шаардахгүй. Дашрамд хэлэхэд, хамтарсан Засгийн газар болон Ерөнхийлөгчийн зүгээс санаачилсан нэг сая төгрөгийн олголттой холбоотой асуудал иргэдэд хүлээлт үүсгээд байна. Тиймээс энэ мөнгийг хэзээнээс ямар журмаар олгохоо тодорхой мэдээлэх шаардлагатай байна.

-Засгийн газар таван тэрбум ам.долларын бонд гаргахаа мэдэгдсэн. Энэ асуудлаар танай намын гишүүд байр сууриа нэгтгэсэн үү?

-Таван тэрбум ам.долларын бонд гаргах асуудлыг тал талаас нь бодож шийдвэрлэхгүй бол болохгүй. Бид өмнө нь их ерөөсөө арайхийн салсан. Харин одоо гурав, дөрөвхөн жилийн дотор дахиад их өрөнд орчих вий гэдгээс болгоомжлох хэрэгтэй. Бонд гаргана гэдэг нь зээл авна гэсэн үг шүү дээ. Засгийн газрын бондыг гаднынхан их дуртай авдаг. Тэр тусмаа уул уурхай баялаг дээрээ суурилж их хэмжээний орлого олж магадгүй гэж үзээд манай Засгийн газрын бондыг авах сонирхолтой хөрөнгө оруулагчид олон байгаа байх. Эхнээсээ бонд худалдаж авах саналаа ирүүлсэн тухай Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр танилцуулсан. Бондын худалдан авалтаас орж ирсэн мөнгийг шингээх чадвар байна уу гэдгийг бас бодох хэрэгтэй. Томоохон бүтээн байгуулалтын төслүүдэд хөрөнгө оруулалт хийнэ гэж ярьж байгаа. Бага хүүтэй их хэмжээний мөнгө ороод ирвэл сайн байна. Гэхдээ Засгийн газарт одоогоор төдий хэмжээний хүүтэй төдөн төгрөг орж ирнэ. Түүнийг ийм ийм төслүүдэд зарцуулна гэсэн тооцоо байхгүй байгаа. Төлөвлөлтөө сайн хийхгүй бол улс орныг дунд болоод урт хугацаанд өрийн дарамтад оруулж болзошгүй.

ШИНЭ МЭДЭЭ