Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа
Монгол Улсын Их Хурлын Гишүүн С.Ганбаатар.
2012.10.05
Эрүүл мэнд

Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа

Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг О.Баасанхүү, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, А.Бакей, Ж.Батсуурь, Х.Болорчулуун, Н.Номтойбаяр, Г.Уянга, Б.Бат-Эрдэнэ нарын нэр бүхий  есөн гишүүн санаачлан боловсруулнаа өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.

Өнгөрсөн 19 жилийн хугацаанд эрүүл мэндийн даатгалд хүн амын дийлэнх хэсэг хамрагдаж 2011 онд 98,6% - д хүрчээ. “Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай” хууль 1993 онд батлагдснаас хойш нийт  9  удаагийн нэмэлт өөрчлөлт оруулж, нэг удаа шинэчлэн найруулсан бөгөөд хамгийн сүүлд 2006 онд уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан байна.

Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах                             болсон үндэслэл, шаардлага

Монгол Улсад Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль 1994 оноос хэрэгжиж, 2011 он хүртэл 1994, 1998, 2002, 2006 онд шинэчилсэн найруулган болон нэмэлт өөрчлөлтүүдийг хийжээ. ИЭМД-ын тухай хуульд Эрүүл мэндийн даатгалын ажиллах зарчим, хэрэгжүүлэх үйл ажиллагааны удирдамжийг тодорхой заасан байдаг ч Эрүүл мэндийн даатгалын тогтолцооны зорилго, хэтийн чиглэл, дунд болон урт хугацааны бодлого байхгүй байгааг эрдэмтэн, мэргэжилтнүүд шүүмжилж ирсэн байна. Мөн Эрүүл мэндийн даатгалын оролцогч талуудын үүрэг, хариуцлага тодорхой бус, давхардсан, үйл ажиллагааг зохицуулах механизм байхгүй, хамтран ажиллах чадавхи сул байна гэдгийг Эрүүл мэндийн даатгалд оролцогч талууд шүүмжилсээр ирсэн байна. Эрүүл мэндийн даатгалын салбар зөвлөл, НХХЯ, ЭМЯ, СЭЗЯ, УНДЕГ зэрэг олон байгууллагуудын дунд хуваагдмал байдалтай байж нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангагдаагүй өдийг хүрсэн гэж үздэг байна.

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авагч үндсэн байгууллагууд болох ЭМЯ, НХХЯ, УНДЕГ-ын хоорондын ажлын чиг үүргийн ялгаа зааг тодорхой бус, уялдаа холбоо сул байгаа нь эрүүл мэндийн зардлын үр ашиг, тусламж үйлчилгээний чанарт сөргөөр нөлөөлж байна.

Эрүүл мэндийн даатгалын тулгамдаж буй асуудлын нэг нь Эрүүл мэндийн даатгалын бодлого, хэрэгжилтийг зангидан удирдах, зохицуулах тодорхой эрх үүрэг бүхий бие даасан байгууллага байхгүйтэй холбоотой юм. Өнөөдрийн байдлаар Эрүүл мэндийн даатгал нь:

  • Даатгуулагчийн өмнөөс тусламж, үйлчилгээг идэвхитэй худалдан авах чадавхи сул,
  • Сангийн санхүүгийн удирдлага сул,
  • Санхүүгийн удирдлага нь Эрүүл мэндийн даатгалын сан, улсын төсвийн хооронд хуваагдмал байгаатай холбоотой юм.

Мөн түүнчлэн одоогийн Эрүүл мэндийн даатгалын тогтолцоо нь хүн амын эрүүл мэндийг сайжруулах үүрэг хүлээгээгүй, шинэчлэлийг эхлүүлж чадахгүй, үйл ажиллагаа нь хуучин хэвээр, яамд хооронд эрх мэдлийн тэмцэл, бие биенээ буруутгах явдал, уламжлалт хүнд суртал үргэлжилж, хохирлыг даатгуулагч хүлээдэг тогтолцоо үйлчилж байна.

Эрүүл мэндийн санхүүжилт нь тусламж үйлчилгээг хүн амд тэгш хүргэх боломжийг хязгаарласан, чанар, үр дүнгүй байгааг иргэд олноор шүүмжилж эрүүл мэндийн үйлчилгээний санхүүжилтийг сайжруулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тэгш, хүртээмжтэй авахыг иргэд хүсч байна.

Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн одоогийн тогтолцоо нь хэвтэн эмчлүүлэх чиглэлээр хамрагдалтыг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлж байгаагаас бус эрүүл мэндийн байгууллагуудын төсвөөс болон даатгалын сангаас авсан санхүүжилтээр үзүүлж буй тусламж, үйлчилгээний чанарт тавих хяналт сул, даатгалын байгууллагын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах чадавхи хязгаарлагдмал байна.

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж хангалтгүй, төлбөртэй үйлчилгээний хүрээ нэмэгдэж байгаа зэрэг нь даатгуулагчийн зүгээс эрүүл мэндийн даатгалд үл итгэх хандлагыг бий болгож байна.

Эрүүл мэндийн даатгалаас гадна төсвөөс санхүүжүүлж байгаа тусламж, үйлчилгээний нэр төрөл, эмнэлгийн байгууллагын үйл ажиллагааны зардал тодорхой бус түүнийг санхүүжүүлэх төлбөрийн арга нь оновчгүй, хуваарилалтын зарчим нь өмнөх онуудын гүйцэтгэлд тулгуурласан, төсвийн гүйцэтгэлд тавих хяналтын тогтолцоо бүрдээгүй зэргээс эрүүл мэндийн төсвийн зардал үр ашиг багатай байна. иймд төсвөөс санхүүжүүлэх тусламж, үйлчилгээний нэр төрлийг нарийвчлан тогтоож, төлбөрийн аргыг оновчтой болгож, гүйцэтгэлд тавих хяналтын тогтолцоог бүрдүүлэх нь чухал байна.

Мөн төрөөс хариуцах шимтгэлийн хувь, хэмжээ бага байна. 2009 онд төр даатгалыг нь хариуцдаг иргэдийн шимтгэлийн орлого эрүүл мэндийн даатгал сангийн орлогын 11 хувийг бүрдүүлж, эдгээр иргэдэд үзүүлсэн тусламж, үйлчилгээний зардалд сангийн нийт зардлын 56 хувийг зарцуулжээ. Даатгуулагчдын төлж буй эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь, хэмжээ нь хэт ялгаатай байгаа нь шударга бус байдлыг бий болгож, сангийн орлогын бүрдүүлэлт, зарцуулалтанд нөлөөлж байна. төрөөс даатгалыг нь хариуцах иргэдийн хамрах хүрээг оновчтой болгож шимтгэлийн хувь, хэмжээг нэмэгдүүлэн, зорилтот бүлэгт чиглүүлэх шаардлага тавигдаж байна.

Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд уг хуулиар тусламж, үйлчилгээ үзүүлэгч, худалдан авагч хоёрын уялдааг хангах зарчмыг баримтлан тусламж үйлчилгээний чанарт тавих хяналтын тогтолцоог сайжруулах, эрүүл мэндийн даатгалын харилцаанд оролцогч талуудыг нэгдсэн нэг удирдлага, арга зүйгээр хангах чиглэлээр эрүүл мэндийн даатгалын тогтолцоог чадавхижуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлагаай байна.

Иргэдэд үзүүлсэн тусламж, үйлчилгээний зардалд сангийн нийт зардлын 56 хувийг зарцуулжээ

Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлэгдээд байгаа Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төслийн зарим зохицуулалт тодорхой бус байгааг анхааралдаа авах шаардлагатай байна. Тухайлбал, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл Засгийн газрын хяналт дор биеэ даасан үйл ажиллагаа явуулж чадах эсэх нь тодорхойгүй, ямар асуудлыг нэг дангаараа хариуцах, ямар асуудлыг хамтарч шийдэх, ямар асуудлыг Засгийн газрын түвшинд шийдэхийг хуулинд тодорхой тусгаагүй байна. Ийм учраас нэр бүхий Улсын Их Хурлын гишүүдээс Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөлд дараах зүйлүүдийг тусгасан болно.

Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа дараахь зүйлийг тусгасан болно. Үүнд:

  1. Иргэний эрүүл мэндийн даатгалын дагуу тусламж үйлчилгээ үзүүлэгч байгууллагаас гэрээний дагуу даатгуулагчид үзүүлсэн тусламж, үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын байгууллагаас санхүүжүүүлэх төлбөрийг цахим картаар олгож байхаар, цахим карт хэрэглэх төлбөрийн аргыг хэрэглэх журмыг Эрүүл мэндийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүнтэй зөвшилцөн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл батлахаар,
  2. Гэрээгээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч, байгууллага даатгуулагчид эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний үндсэн багцад орсон тусламж, үйлчилгээг үзүүлэх, эрүүл мэнэдийн даатгалын байгууллага тухайн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг даатгуулагчийн эрүүл мэндийн даатгалын цахим картаар дамжуулах аргаар төлбөр төлөхөөр,
  3. Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг гэрээнд заасны дагуу эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагад даатгуулагч тусламж, үйлчилгээ авах бүртээ цахим картаар шууд төлбөр тооцоо хийхээр,
  4. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэг байгууллага, төсөл хөтөлбөрийн нэгж, бусад орны дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагад ажиллаж байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн иргэний эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж байхаар,
  5. Эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулах зарчмуудыг тодорхой тусгасан.
  6. Иргэний эрүүл мэндийн заавал даатгалд төлсөн шимтгэлийн их, бага хэмжээнээс үл хамааран иргэн бүр адил, тэгш байдлаар эрүүл мэндийн зардлыг даатгалын сангаас төлүүлж байхаар,
  7. Иргэний эрүүл мэндийн даатгалд даатгуулагчийн үүргийг тодорхой дэлгэрэнгүй тусгасан.
  8. Тодорхой хөдөлмөр эрхлээгүй гадаадын иргэн, харьяалалгүй хүн эрүүл мэндийн даатгалд хамрагдаж байхаар, уг даатгуулагчийн шимтгэл төлвөл зохих орлогын доод хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл жил бүр тогтоож байхаар,
  9. Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, малчин, зарим даатгуулагчид дараалсан 12 сараас доошгүй хугацааны шимтгэл төлсний дараа даатгалын сангаас эмчилгээ, үйлчилгээний төлбөр хийлгэх эрх үүсч байхаар,
  10. Даатгуулагчид хоёр дахь шатлалын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлэхээр,
  11. Хөнгөлөлттэй эм олгох жороор ерөнхий нэршлийн эмийн үнийн хөнгөлөлтийн даатгалын сангаас олгох болон даатгуулагчийн төлөх хэмжээ, уг эмээр үйлчлэх журмыг эрүүл мэндийн даатгалын байгууллагын саналыг үндэслэн Үндэсний зөвлөл баталж байхаар, мөн түүнчлэн эмийн үнийн хөнгөлөлтийг мөнгөн хэлбэрээр даатгуулагчид олгож байхаар,
  12. Даатгуулагч Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагаас тусламж, үйлчилгээ авсан тохиолдолд зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас төлөхөөр,
  13. Даатгуулагчийн өрхийн гишүүнийг даатгалд хамруулах журмыг боловсруулан батлах, мөн түүнчлэн эрүүл мэндийн даатгалын мэдээллийн цахим сан, цахим картын дүрмийг батлах,
  14. Эрүүл мэндийн даатгалын байгууллага, тухайн байгууллагын даргын үүрэг, эрх хэмжээ, эрүүл мэндийн даатгалын байгууллагын байцаагчийн эрх, үүргийг тодотгох, даатгуулагчийг төлөөлж эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагатай тусламж, үйлчилгээний зардлын төлбөр тооцоо хийх гэрээ байгуулах, гэрээний биелэлтэнд хяналт тавих, дүгнэх асуудлыг тодорхой байхаар,
  15. Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого, зарлага, зарцуулалтанд тавих хяналтыг чанатгах, эрүүл мэндийн даатгалын хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын талаар холбогдох зүйлүүдийг төсөлд тусгасан болно.

Хуулийн төсөл батлагдсаны дараа үүсч болон  нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн үр дагавар

Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагааг эрхлэх байгууллага, санхүүжилтийн тогтолцоо, даатгуулагчдын сэтгэл ханамжийн талаархи дор дурдсан асуудлууд шийдвэрлэгдэнэ гэж үзэж байна.

  1. Хүн амын эрүүл мэндийн байдал сайжирснаар урт хугацаанд нийгэмд авчрах эдийн засгийн үр ашиг нэмэгдэнэ.
  2. Хүн амын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлаас үүдэлтэй санхүүгийн эрсдэлээс хамгаалснаар ядуурлыг бууруулна.
  3. Эмнэлгийн шаардлагагүй хэвтэлтийн тоо цөөрч, зардлыг хэмнэж, даатгуулагчдад учирсан эрүүл мэндийн эрсдэлтэй холбоотой бусад эрсдэлийг санхүүжүүлэх нөхцөл бүрдэнэ.
  4. Эрүүл мэндийн даатгалын үр шимийг хүртэгчдийн тоо нэмэгдэнэ.
  5. Иргэд эрүүл мэндийн даатгалын ач холбогдлыг илүү ойлгож даатгалд хамрагдах сонирхлоос үүдэлтэй хамрагдалт нэмэгдэж, даатгалын сангийн орлого нэмэгдэнэ.
  6. Эрүүл мэндийн даатгалаар санхүүжүүлэх тусламж, үйлчилгээний нэр төрөл нэмэгдэж, чанар сайжирна.
  7. Төсвийн болон даатгалаас санхүүжүүлэх тусламж, үйлчилгээний багц тодорхойлогдсоноор зардлын үр ашиг нэмэгдэж, хяналтын тогтолцоо сайжирна.
  8. Эрүүл мэндийн даатгалын сангийн төлөвлөлт, зарцуулалтыг оновчтой болгох замаар эрүүл мэндийн салбарын зардалд даатгалын сангийн эзлэх хувийн жин нэмэгдэж, төсвийн ачааллыг багасгана.
  9. Эрүүл мэндийн даатгалын бие даасан байгууллага байгуулагдаж, эрүүл мэндийн даатгалын бодлого, шийдвэрийн биелэлт, даатгалын харилцаанд оролцогч талуудын ажлын уялдаа холбоо сайжирч нэгдсэн нэг удирдлагатай болно.
  10. Эрүүл мэндийн даатгалын бие даасан байгууллагыг бий болгоход 3 тэрбум гаруй төгрөгийн нэмэлт хөрөнгө шаардлагатай.

Дагалдан өөрчлөгдөх хууль, тогтоомж

Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулга нь Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, хууль, эрх зүйн шинэтгэлийн бодлогод нийцэж байгаа болно.

Хуулийн шинэчилсэн найруулгатай уялдуулан бусад хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагагүй болно.