"Оюутолгой" нэг их наяд төгрөг төсөвт төвлөрүүлсэн гэдэг нь хуудуутай
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, О.Баасанхүү, С.Ганбаатар
2012.11.07
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

"Оюутолгой" нэг их наяд төгрөг төсөвт төвлөрүүлсэн гэдэг нь хуудуутай

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хоёр талдаа харилцан ашигтай болгох шаардлагатай хэмээн үзэж, Ерөнхий сайд Н.Алтанхуягт шаардлага хүргүүлсэн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, О.Баасанхүү, С.Ганбаатар нар өчигдөр дахин хэвлэлийнхэнд хандав.

Тэд “Оюутолгой” компани өнгөрсөн хугацаанд Улаанбаатарын гудамжинд өлгөсөн том самбар, хэвлэлийн хуудсаар дамжуулан “Оюутолгой” төслөөс монголчуудын хүртэх ашиг 71, хөрөнгө оруулагчдынх 29 хувь байна гэсэн реклам цацсан. Мөн татвар, урьдчилгаа төлбөр зэргээр нэг их наяд 58 тэрбум гаруй төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн хэмээн сурталчилсан нь хуудуутай байна гэж мэдэгдлээ.

Ц.Даваасүрэн “Татварын ерөнхий газраас авсан мэдээллээр, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 143 тэрбум төгрөг, гаалийн татварт 304 тэрбум төгрөг төлсөн. Урьдчилгаа хэлбэрээр авсан 250 сая ам.долларыг төгрөгөөр тооцоход 325 тэрбум төгрөг болно.

Эндээс үзэхэд “Оюутолгой” төслөөс оруулсан нийт хөрөнгө 772 тэрбум төгрөг болж байна.

Үлдсэн 300 гаруй тэрбум төгрөгийг ямар замаар Монголд төвлөрүүлэв гэдэг нь тодорхойгүй. Мөн “Рио тинто” компанийнхан санхүүгийн тайлангаа өнөөг хүртэл гаргаж өгөхгүй гэдийсээр байгаа нь хууль зөрчсөн үйлдэл” гэлээ.

Б.Бат-Эрдэнэ “Оюутолгой” бусдын тархийг буруугаар угаасан рекламаасаа буцаж, 71:29 гэсэн бид биш, өөр байгууллага гаргасан хэмээн бултах болсны зэрэгцээ нэг их наяд 58 тэрбум төгрөг бол мөнгөн урсгалын хэмжээ гэж арай өөрөөр тайлбарлах боллоо” хэмээв. С.Ганбаатар “Би Удирдлагын академид багшилж байсан.

Тус академийг төгссөн шавь нараараа дамжуулан “Оюутолгой”-н улсад гаргаж өгдөггүй тайланг олж авсан. Уг тайлан ч 71:29 сурталчилгаа худал болохыг нотолж байгаа.

“Оюутолгой” компанид бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн компанийн нэрийг харахад гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд байдаг төдийгүй гүйцэтгэх захирал Камерон МакРейн шүдээ угаасан сойзных нь үнэ ч үүнд туссан” гэлээ.

УИХ-ын гишүүдийн мэдээлж буйгаар, “Оюутолгой” компанийн зардал өсөж, дөрвөн тэрбумаар хэмжигдэж байсан нь зургаан тэрбумд хүрсэн.

Цаашдаа есөн тэрбумд хүрнэ гэдгээ зарласан. Гэтэл Татварын ерөнхий газраас тавьсан актыг хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд зарга үүсгэн, зардлаа өсгөх замаар татвараас бултах арга саам эрэлхийлж байгаа гэнэ.

ШИНЭ МЭДЭЭ