Б.Бат-Эрдэнэ: Төр бодлогын алдаа гаргаснаас нинжа нар бий болсон
2012.11.12
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Б.Бат-Эрдэнэ: Төр бодлогын алдаа гаргаснаас нинжа нар бий болсон

УИХ 2009 онд Ашигт малтмалын тухай хуульд “нинжа” нарыг зохион байгуулалтад оруулах асуудлаар нэмэлт, өөрчлөлт оруулсан билээ. Хуулийн нэршлээр тэднийг бичил уурхай эрхлэгч гэдэг. Хуулийн хүрээнд айж эмээлгүй, зугтаж нуугдалгүйгээр үйл ажиллагаа явуулахын тулд нинжа нар нөхөрлөлийн зохион байгуулалтад орох учиртай болсон юм.

Тэдэнд ашигт малтмал эрэх, хайх, ашиглах тусгай зөвшөөрөл авахгүй байх эрхийг дээрх хуулийн зохицуулалтаар олгосон. Хууль хэрхэн хэрэгжиж буйг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүн Б.Бат-Эрдэнээс тодрууллаа. УИХ хууль батлахаас гадна түүний хэрэгжилтэд хяналт тавих үүрэг хүлээдэг билээ.

-Монголын төр ард түмний биш, дэлхийн улс орны баялгийг ашиглаж, улс дамжин наймаалдаг уул уурхайн томоохон компаниудын эрх ашгийг илүү бодож хуулиа баталсан учраас л нинжа гэдэг хүмүүс бий болсон. Төр бодлогын алдаа гаргаснаас уул уурхай, эрдэс баялгийн салбарт ийм гажуудал үүссэн. Анхандаа нинжа нар энэ үйл ажиллагаагаар амьдралаа залгуулж байна гэдэг байсан бол одоо бүр дон болж хувирсан байна. Нэг хэсэг газрыг ухаж дуусаад өөр газар руу нүүдэллэж байгаа.

Энэ алдаагаа засахын тулд УИХ Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулсан юм. Хуулийн дагуу нөхөрлөлийн зохион байгуулалтад орсон гар аргаар алт олборлогчдод тухайн орон нутаг, сумын Засаг дарга үйл ажиллагаа явуулах эрх олгоно. Ингэхдээ зөвхөн ашигт малтмалын үйлдвэрлэлийн бус агуулгатай эдийн засгийн үр ашиггүй орд, ашиглалтын болон технологийн хаягдлаар бий болсон үүсмэл орд, илрэл бүхий талбайд, нэг суманд 25-50 га талбай олгоно.

Гар аргаар алт олборлогчид зөвшөөрсөн талбайд олборлолт явуулаад дараа нь нөхөн сэргээлт хийх үүрэгтэй байхаар зохицуулсан юм.

Гэхдээ Ашигт малтмалын тухай хуульд заалт оруулснаар нинжа нарын асуудлыг бүрэн шийдэж чадахгүй.

-Тусгай хууль хэрэгтэй гэж Та үзэж байна уу?

-УИХ-аас баталсан хууль тогтоомжийг хэрэгжүүлэхгүй байх сонирхолтой хэсэг бүлэг бас бий. Тухайлбал, 2009 онд баталсан “урт нэртэй” хуулийг хэрэгжүүлэхэд уул уурхайн компаниуд, тэдний ард байдаг улстөрчдийн эсэргүүцэлтэй тулгарсаар байна. Хэрэв ой, усны сав газарт явуулж буй үйл ажиллагааг нь зогсоовол нинжа нарыг түрж оруулна гэж сүрдүүлдэг.

Тэднийг энэ үйл ажиллагаандаа татан оролцуулах зохион байгуулалттай сүлжээ байна. Манай улсын бодлогод гаднынхан нөлөөлөх хэмжээнд хүргэсэн энэ тогтолцоог өөрчлөх хэрэгтэй. Монгол Улсын аюулгүй байдал, орших уу, эс орших уу гэдэгтэй холбоотой асуудал шүү дээ. Дээрх заалтаар бүрэн зохицуулж чадахгүй.

ШИНЭ МЭДЭЭ