Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжив
УИХ-ын чуулган /2012.10.12/ Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/
2012.10.12

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжив

/2012.10.12/ нэгдсэн хуралдаан УИХ-ын даргын хуралдаан эхлэх цагаасаа хоцорч эхэлсэн тул чуулганы хуралдааны цагийг сунгаж хуралдахыг мэдэгдэхэд 17.45 болж байв.

Хурлыг удирдагчийн энэ шийдвэрийг гишүүд дэмжиж Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болсон ч МАН-ын гишүүдийн зүгээс хуралдааныг завсарлуулах саналыг УИХ-ын даргад тавьсан. С.Бямбацогт гишүүн хэлэхдээ, гишүүдийн ирц бага байгаа тул нам, эвслүүд гишүүдээ бүрдүүлээд санал хураая, МАН-ын гишүүд тамхины хуулийг гацаах сонирхол байхгүй гэв.

С.Бямбацогт гишүүн горимын санал гаргав

Харин түүний горимын саналыг хүлээн авбал УИХ-ын дэгийн тухай хууль зөрчигдөх гээд байгаа тул горимын саналыг хүлээн авах боломжгүй гэж УИХ-ын дарга мэдэгдээд хуулийн төслийн хэлэлцүүлгийг эхлүүлэхээр шийдвэрлэсэн. УИХ-ын дэгийн тухай хуулиар өглөөний ирцээр хуралдаан үргэлжлэх учиртай юм.

Энэ хуулийг гурван жилийн өмнө УИХ-ын гишүүн асан  С.Ламбаа нарын гишүүд өргөн барьж байсан.

Тамхины хяналтын тухай хууль хэрэгжиж байгаа ч өнгөрсөн хугацаанд хуулийн хэрэгжилт хангалттай байгаагүй, зарим хэм хэмжээг чангатгах шаардлагатай байгаа гэж Л.Эрдэнэчимэг гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг үзээд энэхүү төслийг чуулганы хуралдаанд хэлэлцүүлж байгаа юм.

Ц.Даваасүрэн гишүүн: Тамхины хор хөнөөлийг сурталчилах хэрэгтэй

Уг ажлын хэсгийн гишүүд хэд хэдэн удаа хуралдаж нийт 26 зарчмын  зөрүүтэй санал гаргаснаа чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж санал тус бүрээр санал хураалгав.

О.Баасанхүү гишүүн асуулт асуув

Хэлэлцүүлгийн явцад найруулгын зөрүүтэй хэд хэдэн саналын томъёололд гишүүд шүүмжлэлтэй хандаж байрь сууриа илэрхийлж байсан.

Б.Бат-Эрдэнэ гишүүн: Хуулийн төслийг дэмжиж байгаа. Би бүх насаараа тамхи татаж үзээгүй хүн

Гишүүд нэлээдгүй санал зөрөлдсөний эцэст хоёр дахь хэлэлцүүлэгт саналын томьёоллыг чамбайруулж оруулж ирэхийг сануулаад уг хуулийн төслийг дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэхийг дэмжсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ