Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2011 оны санхүүгийн нэгдсэн тайланг хэлэлцэлээ
УИХ-ын чуулган /2012.10.04/ Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2011 оны санхүүгийн нэгдсэн тайлан /нэг дэх хэлэлцүүлэг/
2012.10.04

Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2011 оны санхүүгийн нэгдсэн тайланг хэлэлцэлээ

УИХ-ын чуулганы өнөөдөр Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон Засгийн газрын 2011 оны санхүүгийн нэгдсэн тайлангийн талаархи илтгэлийг Сангийн сайд Ч.Улаан, Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон Засгийн газрын 2011 оны санхүүгийн нэгдсэн тайлангийн талаархи аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Ч.Раднаа танилцуулсан юм.

Илтгэлийг Сангийн сайд Ч.УЛААН танилцууллаа

Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан юм. УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Засгийн газар Улсын нийгмийн даатгалын санд 2.1 их наяд төгрөг төлөх өртэй яваа. Өрийн буцаан төлөлт ямар шатанд яваа вэ хэмээн лавласан. Түүнчлэн жилийн жилд бичигдэн дамжиж явдаг дамжуулан зээлэлтийн талаар мэдээлэл хүссэн. Сүүлийн 15-17 жилийн туршид эргэн төлөгдөхгүй яваа дамжуулан зээлтэй компаниудын нэрийг харахад өдгөө үйл ажиллагаа явуулахгүй болсон олон аж ахуйн нэгж харагдаж байна. Энэ асуудлыг хэрхэн зохицуулах юм бэ гэж асуусан.

Монгол Улсын Ерөнхий аудитор Ч.Раднаагийн хариулснаар, дамжуулан зээлтэй 130 аж ахуйн нэгж буй бөгөөд нийт зээлийн хэмжээ 434 тэрбум төгрөг юм байна. Мөн төсвийн байгууллагын 33 тэрбум төгрөгийн дамжуулан зээл буй ажээ. Нийт 500-гаад тэрбум төгрөгийн  авлагыг авах байгууллага тус бүрээр аудит хийсэн бөгөөд зээлийг эргэн төлөх эзэн холбогдогч олдохгүй байгаа, аж ахуйн нэгж, байгууллага нь алга болчихсон зүйл ч байгаа юм байна. Зээл тус бүрт аудит хийн дүгнэлтээ гаргачихаад байгаа гэлээ.

Улсын нийгмийн даатгалын санд буцаан төлөх авлагыг жил жилээр тооцон барагдуулж байгаа бөгөөд энэ жил Засгийн газар 236 тэрбум  төгрөгийг буцаан төлөх хуваарьтай юм байна. Одоогийн байдлаар 132 тэрбум төгрөгийг төлсөн бол, 104 тэрбум төгрөгийг хараахан төлөөгүй байгаа гэж Ерөнхий аудитор Ч.Раднаа хэлсэн юм. Өнөөдрийн байдлаар Нийгмийн даатгалын санд 400 тэрбум төгрөг байгаагаас 98 тэрбум нь банкны хугацаатай хадгаламжид, 302 тэрбум нь харилцах дансандаа буй ажээ.

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан өмнөх жил аудитын тайлангийн талаар асуулт асуув

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Сангийн яамны нөхдүүд инээлдэх юм байхгүй шүү

УИХ-ын зарим гишүүд тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, С.Дэмбэрэл нар УИХ-аар төсвийн гүйцэтгэлийг нухацтай ярилцах хэрэгтэй гэсэн байр суурьтай байлаа. УИХ-ын гишүүн Ж.Батзандан хүүхдүүдэд сургууль, цэцэрлэг нь хүрэлцдэггүй, эмэгтэйчүүдэд төрөх эмнэлгүүд хүрэлцэхгүй, Гэмтлийн эмнэлэг нь ачааллаа даахгүй байхад төсвийн мөнгөний зарцуулалт замбараагүй, 200 тэрбум төгрөгийг зам засварт зарцуулсан атал зам нь хоёр хоноод эвдэрдэг хэмээн шүүмжлэлтэй хандаж буйгаа хэлж байлаа. Төсвийн гүйцэтгэлд Төсвийн хяналтын дэд хороо хяналт тавин хэлэлцэх нь зүйтэй гэж тэрбээр хэллээ. Гишүүд ийнхүү хэлэлцээд дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэв.

ШИНЭ МЭДЭЭ