Инфляцийг 2013 онд 8 хувиас хэтрүүлэхгүй байх зорилт хангагдах боломжтой гэлээ
УИХ-ын чуулган /2012.10.04/ "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/
2012.10.04

Инфляцийг 2013 онд 8 хувиас хэтрүүлэхгүй байх зорилт хангагдах боломжтой гэлээ

Тогтоолын төслийн талаархи илтгэлийг Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал танилцуулсан юм. Тэрбээр, ирэх онд Мөнгөний бодлогын арга хэрэгслээр инфляцийг тогтвортой нам түвшинд байлгаж, Засгийн газартай хамтран нийлүүлэлтийн гаралтай инфляцийн нөлөөллийг хязгаарлах бодлого баримтална хэмээн 2013 оны мөнгөний бодлогын төсөлд тусгасан гэлээ. Хэрэглээнийүнийн индексээр хэмжигдэх инфляцийг 2013 оны эцэст 8 хувиас хэтрүүлэхгүй байж, улмаар 2014-2015 онд инфляцийг 5-7 хувийн түвшинд байлгах нөхцөл бүрдүүлнэ гэж тооцсон байна.

Банкны салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх хүрээнд банкуудын өөрийн хөрөнгө, төлбөрийн чадварыг нэмэгдүүлэн салбарын эрсдэл даах чадварыг дээшлүүлэхээр ч тусгасан байна.  

Олон улсад мөрдөгдөж буй хяналт шалгалтын зарчим, зохицуулалтын арга хэрэгслийг банкны салбарын үйл ажиллагааны онцлогтой уялдуулан эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг боловсронгуй болгох тухай заалт оруулсан хэмээн Н.Золжаргал танилцуулгадаа дурдсан.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:Мал өсөөд байдаг махны үнэ нэмэгдээд байдаг

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: 2012 оны Лондонгийн олимпын алтан медаль Оюутолгойгоос гарсан уу энэ талаар мэдээлэл байна уу?

Монголбанк 2013-2015 онд бэлэн бус төлбөр тооцооны хосолмол (чип,соронзон тууз, зайнаас хандах технологи хосолсон) карт гаргах, иргэний ухаалаг үнэмлэхийг төлбөр тооцоонд ашиглах, интернетийн орчинд төлбөр хийх боломжийг боловсронгуй болгох ба хөдөлгөөнт банкны үйлчилгээний нэгдсэн системийг нэвтрүүлж, төлбөр тооцооны системийн шинэчлэлийг эрчимжүүлэх төлөвлөгөөтэй байна гэлээ.

Дээрх асуудлыг хэлэлцсэн Эдийн засгийн байнгын хороо Үндсэн чиглэлийн төсөлд инфляцийг 2013 оны эцэст 8 хувиас хэтрүүлэхгүй байх, төгрөгийн ханшийг макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцүүлж, уян хатан тогтоох зарчмыг үргэлжүүлэх, банкуудын өөрийн хөрөнгө, төлбөрийн чадварыг нэмэгдүүлэн эрсдэл даах чадварыг дээшлүүлэх, банкны эрсдлийг бууруулах, улмаар зээлийн хүү буурах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор барьцаа хөрөнгийн эрх зүйн орчныг шинэчлэх, Төв банкны хариуцлагыг сайжруулах зэрэг, бодлого чиглэлүүдийг тусгасан байна гэээд гишүүдийн олонхийн саналаар хэлэлцэхийг дэмжсэн байна.

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, инфляцийг 2013 онд 8 хувиас хэтрүүлэхгүй байх зорилт хангагдаж чадах уу хэмээн асуусан юм. Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал, нифляцийг 8 хувьд хүргэх боломжтой гэсэн тооцоог урт хугацааны макро загварчлалаар бодож гаргаж ирсэн гээд Засгийн газартай хамтран хийх ажлаа нарийн тусгасан гэлээ. Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх 4-5 төсөл одоогоор бэлэн болоод байгаа агаад инфляцийг 8 хувьд хүргэх зорилт бодитойгоор биелэх боломжтой хэмээн хариулсан юм.

Хуралдааны үеэр гишүүд инфляц, болоод зээлийн хүүг нэг оронтой тонд хүргэх, гадаад валютын ханшийн тогтвортой байдал, банкуудын төлбөрийн чёадварыг нэмэгдүүлэх зэрэг асуудалд анхаарал хандуулан ярилцсан. Хуралдаан үдээс хойш үргэлжилнэ.

ШИНЭ МЭДЭЭ