Татварын мэргэшсэн зөвлөхийн үйл ажиллагааны тухай хууль хэлэлцэв
УИХ-ын чуулган: 2012.12.27 ны өдөр
2012.12.30

Татварын мэргэшсэн зөвлөхийн үйл ажиллагааны тухай хууль хэлэлцэв

Татварын мэргэшсэн зөвлөхийн үйл ажиллагааны тухай хууль болон дагалдах хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж улмаар баталлаа. Түүнчлэн Хадгаламжийн даатгалын тухай хуулийн төсөл болон дагалдах хууль, тогтоолын  төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүнС.ГАНБААТАР танилцууллаа

Энэ хуулийн төсөлд ажлын хэсгээс оруулж ирсэн хэд хэдэн саналыг гишүүд нэлээд нухацтай хэлэлцсэн. Тухайлбал, даатгалд иргэдийн хадгаламж хамрагдахаас гадна харилцах дансыг нэмэх саналыг Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр ажлын хэсэг гаргаж улмаар дэмжлэг авсныг гишүүд зөвхөн “хадгаламж” гэдгээр нь байлгая гэсэн санал гаргаж байсан. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “ Хадгаламж болон харилцах дансыг даатгалд хамруулчихвал хувь, хувьсгалийн мөнгө даатгагдах болж, дампуурсан юм болно. Тиймээс ажлын хэсэг дахиж хэлэлцэх хэрэгтэй.  Харилцах дансыг  хэрхэх вэ гэдгийг тусад нь авч үзэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байлаа. А.Бакей гишүүн мөн  УИХ банк санхүүгийн эдийн засгийн харилцаанд орох гээд байна гэсэн саналтай. Харин ажлын хэсгийн ахлагч Ц.Баярсайхан банк, санхүүгийн тогтвортой үйл ажиллагааг хангах үүднээс төр банк санхүүгийн үйл ажиллагаанд оролцдог туршлага дэлхий дахинд байдаг гэдгийг гишүүдэд сануулж байв.

Ц.Даваасүрэн болон С.Ганбаатар 

Банкны тухай хуульд хадгаламж гэдэгт харилцах дансыг хамааруулсан заалт байдаг юм байна. Тиймээс  Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан “Иргэд хугацаатай, хугацаагүй, хүүтэй хүүгүй хадгаламжтай байдаг. Хүүгүй хадгаламж нь харилцах данс гэж ойлгож болно. Иргэдийн дийлэнх нь банкинд харилцах дансны  карттай. Тиймээс хадгаламж болоод харилцах дансний мөнгө нийлээд 20 сая төгрөг хүртэлх мөнгийг даатгалд хамааруулах нь зүйтэй” гэсэн мэдээллийг өгч байлаа. Гишүүд ийн хэлэлцсэний эцэст хадгаламж болон харилцах дансыг даатгалд хамааруулах саналыг дэмжсэн.

Хадгаламжийн даатгалын тухай хуулийн төсөл дээр ажилласан ажлын хэсэг мөн  “Төр нөхөн төлбөрийг төлөх үүргийг батлан даана” гэсэн санал гаргасан байна. Энэ саналыг гишүүд харин 100 хувийн саналаар дэмжсэнгүй. Учир нь банкны хариуцлагыг дээшлүүлнэ гэсэн хуулийн төслийн үндсэн зарчмыг алдагдуулсан санал гэсэн шүүмжлэл хэллээ. Тухайлбал, М.Батчимэг гишүүн “Төр батлан даана гэдэг эргээд ард түмний нуруун дээр ачаалал авчирна гэсэн үг. Дундаас нь харилцах банк, хэсэг эрх мэдэлтэй нөхдүүд завшина. Монголбанк ер нь ямар бодлоготой ажиллаж байна. Ямар учиртай ийм санал оруулж ирэв” гэсэн шүүмж хэлж байв.

ШИНЭ МЭДЭЭ