МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар
2013.07.18
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Ж.Сүхбаатар: МАН-тай холбоотой түүхэн үйл явдлуудыг өөрчлөх оролдлого хийж байна

C-1 телевизийн “VIP тодруулга” нэвтрүүлгийн зочноор МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар оролцож, цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Наадам дуусаад хүмүүс амарч байх үеэр НИТХ-ын тэргүүлэгчид гэнэт хуралдаад Сүхбаатарын талбайг Чингис хааны талбай болгож, нэрийг өөрчлөх асуудлыг шийдвэрлэсэн байна. Энэ бол нэр солих төдий асуудал биш, үе үеийнхний бахархал, итгэл үнэмшил, сэтгэл зүрхэнд нь байдаг үнэ цэнэтэй зүйл рүү нь халдсан явдал юм.

НИТХ-ын тэргүүлэгчдийн гаргаж буй энэ шийдвэр наад зах нь ардчилсан ёсны зарчмыг зөрчиж байна. Аль ч хотын соёлоор хотын оршин суугчдын нэршлийн асуудлаар оршин суугчдаас нь саналыг нь авч, хэлэлцүүлэг хийж, хүмүүсийг мэдээлэлжүүлж, боломж олгож ярилцаж байж шийдвэрлэдэг.

Мөн ардчилсан бие биенийхээ санал бодлыг сонсож, үндэслэлтэй шийдвэр гаргадаг зарчмыг зөрчиж байгаа. Түүнчлэн энэ бол үүх түүхээ хянан засварлах, үүх түүхэндээ халдаж буй зүйл. Засгийн эрхийг төв, орон нутагт барьж буй хүмүүсийн явуулж байгаа үйл ажиллагаа бол МАН-тай холбоотой монголын түүхэн үйл явдлуудад өөрчлөлт оруулах оролдлогууд хийгдэж байна.

Хэрэв нэрийг өөрчилнө гэж байгаа бол хууль, Засгийн газрын шийдвэрээ эргэн авч үзэх ёстой болно.

Үүх түүхэнд халдаж буй энэ явдал бол хувьсгалын үеэр юм уу хувьсгалын дараа дарангуйлагч дэглэмтэй улс орнуудын түүхийг хянан засварлах, түүхийг өөрсөддөө ашигтайгаар зохиож бичих ийм зүйлтэй адилхан аргаар явагдаж байна. Мөн шууд тодорхой хуулиудыг зөрчиж байна.

Хэрэв нэрийг өөрчилнө гэж байгаа бол хууль, Засгийн газрын шийдвэрээ эргэн авч үзэх ёстой болно. Яагаад шинэ бүтээн байгуулалт хийж Чингис хааны нэрэмжит сүрлэг сайхан талбайг өөр газар байгуулж болохгүй гэж. Хувьсгалын үйл хэрэг зэвсэгт тэмцэлтэй холбоотой. Тэр зэвсэгт тэмцлийг удирдсан бүх цэргийн жанжин нь Д.Сүхбаатар жанжин. Чингис хаан бол монгол түмнийг нэгтгэгч эцэг.

Одоо бид энэ хүндээ зориулаад сүрлэг сайхан талбай, бусад хөшөө дурсгалууд дутаж байгаа. Шинэчлэлийн гээд байгаа эрх баригчид маань нэр өөрчилж биш, шинээр юм бүтээж энэ үйл хэргүүдийг мөнхжүүлэх бататгаж ажлыг хиймээр байна. Энэ оролдлогыг Д.Сүхбаатар жанжны үйл хэргийг үгүйсгэх, ардын хувьсгалын үнэ цэнийг бууруулах гэсэнтэй холбож үзэхээс өөр аргагүй.

-Нийслэлээс гаргасан энэ шийдвэрийг нийслэл өөрөө буцаан татах хуулийн ямар нэгэн зохицуулалт бий юү?

-Байлгүй яахав. Аль ч төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан шийдвэрээ хүчингүй болгох эрх бий. Энэ бол алдаагаа засах боломжийг олгосон зүйл. Түргэн, түүхий, түрэмгий шийдвэрүүдийг богино хугацаанд яарч гаргах нь хууль зүйн үндэслэл муутай, амьдралд нийцээгүй, хүмүүсийн санаа бодлыг харгалзаагүй байдаг.

Энэ бол үүх түүхээ хянан засварлах, үүх түүхэндээ халдаж буй зүйл.

Ардчилсан дэглэм оршиж байгаа газар ийм зүйлийг яриа хэлэлцээний бөгөөд хууль зүйн арга замаар л асуудлыг соёлтойгоор шийдвэрлэнэ. Ийм байдал монголд алга. Хамгийн эмгэнэлтэй зүйл нь наадмаа ч талцалгүй, хуваагдалгүй уур амьсгал дунд хийж чадахгүй байна.

Энэ Сүхбаатарын талбайн асуудлыг бид хэлээд байгаа нь монголын үүх түүх, өв соёл, хууль дээдлэх зарчим, ардчилсан ёсондоо хүндэтгэлтэй хандаж, дагаж биелүүлэхийг л шаардаж байгаа. Түүнээс биш МАН-ын өмчийг хамгаалахаар ярьж буй асуудал биш.

-МАН-ыг шинэчлэх залуучуудын хөдөлгөөн явж байгаа. Энэ дагуу намын бага хурлын тов зарлагдсан. Бага хурлаар ямар асуудлуудыг хэлэлцэх вэ?

-Намын удирдах зөвлөл наадмын өмнө хуралдсан. Энэ сард багтан намын бага хурлыг шуурхай хуралдуулах ажлыг зохион байгуулах чиглэл гаргасан ч эцэслэн тов гаргаагүй. Намын бага хурлын бэлтгэл ажил, ирцийн байдалд манай намын төв аппарат ажиллаж байгаа.

Намын бага хурлын товыг долоодугаар сарын сүүлчээр эцэслэн гаргана.

Санаа зовоож буй асуудал бол хэд хэдэн аймгууд, олон арван сумдад түүхт ойнууд энэ сарын сүүлчээр тохиож байна. Энэ бага хурлаар шийдвэрлэх тодорхой асуудал нь намын 27-дугаар их хурлын товыг тогтох, тэнд сонгогдох их хурлын төлөөлөгчдийн тоо, хэрхэн сонгох талаар журмыг батлах, сонгуулийн дүн мэдээтэй холбоотой асуудлаар мэдээлэл сонсоно.

Шинэчлэлийн асуудал дээр ул, суурьтай хандах ёстой. Шуурга шиг шуурч өнгөрөөд шинэчлэлийг явуулна гэж байхгүй. МАН-ын шинэчлэл өнгөрсөн жилээс эхлээд явж байгаа. Шинэчлэлийг тодорхой хөтөлбөр аргачлалын дагуу явуулах асуудал бий.

Өнөөдөр бид дотооддоо зөрчилдөж биш зөвлөлдөж намынхаа хүчин чадлыг бэхжүүлж урагшаа явах ёстой. Намын бага хурлын товыг долоодугаар сарын сүүлчээр эцэслэн гаргана. Намын 27 дугаар их хурал намар болно. Намын их хурлаар шинэ бага хурал бий болно. Шинэ удирдлага сонгогдож, намын зохион байгуулалтын асуудал хэлэлцэгдэнэ.

ШИНЭ МЭДЭЭ