14,7 мянган тонн ноос бэлтгэсний урамшуулалд 29,4 тэрбум төгрөг олгожээ
УИХ-ын Гишүүн, Үйлдвэр, Хөдөө Аж Ахуйн Сайд Х.Баттулга
2013.10.15
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

14,7 мянган тонн ноос бэлтгэсний урамшуулалд 29,4 тэрбум төгрөг олгожээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2013.10.11/ үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Энх-Амгалан нараас Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад тавьсан “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 2011 оны 30 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх асуулга”-ын хариуг сонслоо.

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын мэдээлснээр 2011 онд 32,5 мянган малчин өрхөд үйлдвэрт нийлүүлсэн 4,9 мянган тонн ноосонд 9,9 тэрбум төгрөгийн, 2012 онд 103,2 мянган малчин өрхөд 14,7 мянган тонн ноос бэлтгэсний урамшуулалд  29,4 тэрбум төгрөгийг олгожээ.

Ноосонд урамшуулал олгох шийдвэрийг төрөөс гаргаснаар малаас жил бүр гардаг үнэт түүхий эдийг хаягдалгүй ашиглах, үндэсний үйлдвэр, цехийг түүхий эдээр бүрэн хангах, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажлын байр бий болгох, малчин өрхийн орлогыг нэмэгдүүлэх зэрэг олон эерэг үр дүнг дагуулсан гэлээ. Улсын хэмжээний дунджаар нэг малчин өрхийн ноосноос олох жилийн орлого 289,2 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.

2013 онд ноосны урамшуулалд 12,5 мянган тн ноосны буюу 25,0 тэрбум төгрөг олгохоор батлагдсан аж. Түүнчлэн "Монгол мал" үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийт 70,5 тэрбум төгрөг зарцуулжээ. Үүндээ малыг эрүүлжүүлэх чиглэлд ихээхэн анхаарсан бөгөөд малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг бэлтгэх, боловсруулах тогтолцоог бий болгожээ.

“Монгол мал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээнд 2013 онд төсвөөс 70,5 тэрбум төгрөг төсөвлөгдөн зарцуулж байгаа

Харин хавар, зуны улиралд нөөцийн мах бэлтгэх ажлыг зохион байгуулж байна хэмээн сайд Х.Баттулга мэдээлсэн. Мөн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжиж Засгийн газрын үнэт цаас арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөс 27.7 сая долларын санхүүжилт олгохоор шийдвэрлэн төсөлд хамрагдсан аж ахуйн нэгжүүд ашиг шим өндөртэй үхэр импортолж эхэлжээ.

Тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2011 онд ноолуур боловсруулах 36 үйлдвэрт 97,8 тэрбум төгрөгийн, ноос боловсруулах 22 үйлдвэрт 28,7 тэрбум төгрөгийн 2012 онд ноолуур боловсруулах 4 үйлдвэр 2,4 тэрбум төгрөгийн, ноос боловсруулах 6 үйлдвэр 4,7 тэрбум төгрөгийн зээлийг 5 жилийн хугацаатай, 7 хувийн хүүтэй олгосон байна.

Ноолуурын салбарт түүхий эд бэлтгэлийн хэмжээ 3 дахин өсч, 1600-аад ажлын байр шинээр бий болж, үйлдвэрүүд хүчин чадлынхаа 50 хувийг ашигладаг болсоноор борлуулалтыг нь 2 дахин өсгөсөн байна. Ноолуурын үйлдвэрүүдийн татвар төлөлт 2010 онд 9.8 тэрбум байсан бол 2012 онд 18.2 тэрбум төгрөг болж өсжээ

ШИНЭ МЭДЭЭ