МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Одонтуяаг танилцууллаа.
2013.11.22
Уул уурхай, Ашигт малтмал

Эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын анхны хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2013.11.21/ үдээс хойшхи хуралдаанаар “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Одонтуяаг танилцуулсны дараа гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогод хөрөнгө оруулагчдад ямар шаардлага тавьж байгаа вэ, нээлттэй байгаа юу, хумьж байгаа юу, уул уурхайн салбарт боловсон хүчнийг бэлтгэх асуудал тусгагдсан уу хэмээн УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар тодруулсан.

Ажлын хэсгийн ахлагч С.Одонтуяагийн хариулснаар, Эрдэс баялгийн бодлогоор хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлж байгаа юм байна.Уул уурхайн салбарыг олон улсад өрсөлдөх чадвартай байлгахын тулд хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдыг дэмжих нь зүйтэй хэмээгээд үүний нэг жишээ нь энэ салбар дахь төрийн оролцоог хязгаарлах заалтыг төсөлд тусган оруулсан гэв.

Боловсон хүчний асуудалд ч онцгой анхаарч буй талаар гишүүн хэллээ. Сүүлийн үед уул уурхайтай холбоотой маргааныг шийдвэрлэхэд мэргэшсэн хуульч, арбитрч дутагдаж байгаа тул мэргэшсэн хуульч, эдийн засагч, арбитрч, шинжээч бэлтгэх, чадавхижуулах талаар тусгасан байгаа гэж тэрбээр нэмж хэлсэн.

Уул уурхайн салбарыг олон улсад өрсөлдөх чадвартай байлгахын тулд хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдыг дэмжих нь зүйтэй.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Эрдэс баялгийн боловсруулалтын түвшинг дээшлүүлж, бүтээгдэхүүнүүдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжинэ гэсэн заалтад боловсруулах бүтээгдэхүүний жагсаалтад шар нунтаг орчихсон явж байна.

Ураны шар нунтгийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжвэл цөмийн түлш бэлтгэнэ гэсэн үг. Цөмийн түлш бэлтгэвэл цөмийн хаягдал гарна, ингэвэл түүнийгээ булшилна гэсэн үг. Удахгүй ус уранаас үнэтэй болно. Тийм болохоор усаа хайрлахад илүү анхаараач гэсэн санал хэлж байсан.

Харин ажлын хэсгийн ахлагч С.Одонтуяа, боловсруулах үйлдвэрлэлийг нь дэмжих бүтээгдэхүүний жагсаалтаас шар нунтгийг хасах саналыг ажлын хэсгээс оруулж ирсэн гэдгийг дуулгасан.

Гишүүд ийнхүү хэлэлцээд Байнгын хорооны хуралдаанаар дэмжлэг авсан болон дэмжигдээгүй зарчмын зөрүүтэй, найруулгын шинжтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

ШИНЭ МЭДЭЭ