УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатаар ахлуулсан баг Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Дорноговь аймагт ажиллалаа.
2013.11.26
Улстөр

МАН-ынхан төвийн аймгуудад ажиллалаа

МАН-ынхан энэ өдрүүдэд орон нутагт ажиллаж байна. УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатаар ахлуулсан баг өнгөрсөн өдрүүдэд Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Дорноговь аймагт ажиллаж иргэдийн санаа бодлыг сонслоо.

Сонсохын учир МАН сонгууль бүрт ялагдсаны шалтгаан юу байв, цаашид ямар зарчмаар ажиллах вэ гэдгээ намынхаа үүрийн гишүүд болон ард иргэдээс асууж яваа нь энэ. Мэдээж төр, засагт ямар үнэлэлт дүгнэлт өгч байгааг нь сөрөг хүчний хувиар бас судалж явлаа. Ж.Эрдэнэбат гишүүний ахалсан багт УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Су.Батболд, МАН-ын Бага хурлын гишүүн Б.Цогтгэрэл болон орон нутгийн Засаг дарга нар ажиллалаа.

Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн хувьд МАН-ын дэмжлэг ихтэй. Энэ утгаараа ч МАН- ын удирдлагууд ирсэн сургаар иргэд Соёлын төвийнхөө танхимд цугларчихаад ярьж хэлэхийг нь сонсохоор хүлээж суулаа. Тэдний томилолт Сэлэнгэ аймгаас эхэлсэн. Сэлэнгэчүүдийн хувьд тойргийн гишүүн Ж.Эрдэнэбат болон бусдад нь захиж хэлэх үгс төдийлөн байсангүй.

Намын гишүүд бололтой ахмадууд “УИХ-ын сонгуульд нам ялагдсан шалтгаан нь үүрийн гишүүдээ сонсдоггүйгээс болсон. УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын чөлөөлөгдөх хүсэлтийг битгий хүлээж ав. Ийм шударга хүн АН-д байх хэрэгтэй. Намынхаа булхай, луйврыг нь илчилдэг хүн МАН-д хэрэгтэй” гэж захих. Хурлын эхэнд Ж.Эрдэнэбат МАН-ын 27 дугаар Их хурлын шийдвэр, намын дүрмийн өөрчлөлтийг иргэдэд танилцуулсан.

Хурлын эхэнд Ж.Эрдэнэбат МАН-ын 27 дугаар Их хурлын шийдвэр, намын дүрмийн өөрчлөлтийг иргэдэд танилцуулсан.

Тухайлбал, Намын Их хурлаар дүрмээ өөрчилж чадлаа. Энэ бол том амжилт. Дүрэмдээ нам дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүллээ. Гишүүдийн татвар хураамжийг дээд биш анхан шатны байгууллагадаа зарцуулах эрхийг нь олголоо. Бага хурлын гишүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарлаа. Удирдлагын төвшиндөө гэхээс илүү намын жирийн гишүүдийнхээ захиасыг сонсдог болохоор шийдлээ.

Ард түмэнтэйгээ ойр байхын тулд бүс хариуцсан нарийн бичгийн даргатай боллоо. Улс төрийн намуудтай үндэсний зөвшилцөл уулзалт ярилцлагыг зохион байгууллаа зэрэг намын дотоод амьдралын тухай мэдээлэл өгсөн. Харин Су.Батболд гишүүн Монголд буй 20 гаруй намын үзэл баримтлал ялгагдахаа байсан.

АН гэхэд барууны чиглэлийн нам мөртлөө халамжийг голчлон ажиллаж байгаа нь үзэл баримтлалтайгаа зөрчилдөж байгаа юм. Ардчилал гэдэг үг бол Ардчилсан намын өмч хөрөнгө биш. Энэ нэр бол бүх ард түмний өмч. Манайх ч гэсэн ардчилал, шударга ёсны төлөө явдаг нам гэлээ. Түүний орон нутгийн иргэдэд өгч буй өөр мессеж гэвэл хариуцлагын тухай байв.

Тэрээр “МАН-ыг засаг барьж байхад ард түмэн их зүйл шаарддаг байсан. Цалин, тэтгэвэр нэм” гэж ард түмэн болон түүнийг төлөөлсөн Үйлдвэрчний эвлэлийн байгууллага шаарддаг байсан. Тэр шаардлагынх нь дагуу цалин, тэтгэврийг нэмж байлаа. Гэтэл өнөөдөр АН-ын Засгийн газраас та бүхэн хариуцлага нэхэж байна уу. Нэхэхгүй байна шүү дээ. Энэ нь ард түмэн МАН-ыг сайн эцгийн хувиар хандаж эрхэлдэг байжээ гэж харж байна” гэсэн юм.

УИХ-ын сонгуульд нам ялагдсан шалтгаан нь үүрийн гишүүдээ сонсдоггүйгээс болсон.

Д.Хаянхярваа гишүүний хувьд Монголын эдийн засаг ямар нөхцөлд хүрснийг судалгаа, дүгнэлттэй нь ярьж өгсөн. “МАН өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хамтарсан Засгийн газар байгуулж ажилласан. Ямар үр дүнд хүрсэн бэ гэвэл Монголын ард түмэн бүгд мэдэж байгаа. “Оюутолгой”, “Тавантолгой” Атрын III аян” зэрэг түүхэн шийдвэр гаргасныхаа ачаар хөгжлийг эрчимтэй явуулж амжсан.

Дээрээс нь иргэдийн амьдралыг сайжруулахын тулд иргэн бүрт 21 мянган төгрөгийг өглөө. Цалин тэтгэврийн 2.5-3 дахин нэмэгдүүллээ. Ингэж байхад инфляци савлаж. эдийн засаг тогтворгүй байдалд орж байгаагүй. Өөрөөр хэлбэл, өсөлттэй эдийн засгийг Ардчилсан намд хүлээлгэж өгсөн. Өнөөдөр эргээд харахад ямар болов. Эдийн засгийн өсөлт буурчихсан, валютын ханш савлачихсан, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсчихсөн байна. Цалингаа ч нэмж чадахгүй байна” гэв.

Дарханчуудын хувьд УИХ-ын гишүүдээс асуух асуулт олон байсан. Тэд “Цалин тэтгэвэр яагаад нэмэхгүй байна. Авч байгаа цалин хэрэглээндээ хүрэлцэхгүй байна. Монгол Улсын өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдалд санаа зовниж сууна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг яагаад хазаарлаж чадахгүй байна. Н.Алтанхуяг ажиллахаас илүү шоудах нь хэтэрлээ” зэрэг нийтлэг асуулт тавьсан.

Д.Хаянхярваа: Дөрвөн үсэг гээх гэсэн яриа нь эдийн засаг хүндрээд байгаад ард иргэдийн анхаарлыг төвлөрүүлэхгүйн тулд гаргаж ирсэн менежмент.

Харин бизнес эрхлэгчид “Довоо борлуулсан жижиг бизнес эрхлэх боломж алга болж. Том компаниудад шахагдаад дампуурахад хүргэх юм. Төр, засгаас ч гэсэн дэмжихгүй байна” гэсэн гомдол, шүүмжлэлийг өрнүүлсэн. Мэдээж цаг үеийн асуудалтай холбоотой асуулт тавих ч иргэн байлаа.

Тухайлбал, Дархан-Уул аймгийн иргэн Р.Санж “35 үсгээр оролдох гээд байна уу. Эртнээс хэрэглэж ирсэн энэ бичгийн соёлдоо гар хүрч таарамгүй юм. Хэрэв дөрвөн үсгийг авч хаявал монгол хэлний үгийн сан багасч, хэлж ярих нь хүртэл өөрчлөгдөнө” гэсэн юм.

Үүнийх нь хариуд Д.Хаянхярваа гишүүн “Дөрвөн үсэг гээх гэсэн яриа нь эдийн засаг хүндрээд байгаад ард иргэдийн анхаарлыг төвлөрүүлэхгүйн тулд гаргаж ирсэн менежмент. АН-ын арга барил энэ. Түүнд санаа зовох хэрэггүй. Та бүхэн үсгээс илүү хариуцлага нэхэж сур. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саяхан “Том төрөөс ухаалаг төр рүү” хэлэлцүүлэг хийлээ. Энэ үеэр Шинэчлэлийн Засгийн газар хариуцлагагүй ажиллаж байгааг хатуухан шүүмжилнэ лээ. Хариуцлагагүй сайд нарыг огцруулах ёстойг Ерөнхийлөгч маань батлан хэлсэн” гэв.

Эцэст нь дарханчууд газар өмчлөхөд хүндрэл буйг учирласан. Энэ нь Дархан-Уул аймгийн газар нутаг бага учраас аль хэдийнэ өмчлөлд багтаад дуусч. Харин үлдсэн иргэд нь хаанаас газар авах уу” гэдэг нь асуудал дагуулж байгаа бололтой. Ийнхүү ард түмнээ сонсох МАН-ынхны томилолт өнөөдөр ч гэсэн үргэлжилж байна. Тэд удахгүй Баян-Өлгий, Завхан, Увс, Говь-Алтай, Ховд зэрэг баруун бүсийн аймгийн иргэдтэй уулзаж санал бодлыг нь сонсох юм байна.

ШИНЭ МЭДЭЭ