С.Ганбаатар: Оюутолгойн асуудалд сайд, дарга нар хойрго хандаж байна
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2013.12.10
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

С.Ганбаатар: Оюутолгойн асуудалд сайд, дарга нар хойрго хандаж байна

УИХ-ын Төсвийн байнгын хорооноос Оюу толгойг шалгах ажлын хэсэг гарч зургаан сарын турш ажилласан билээ.

Тус ажлын хэсгийн дүгнэлт гарсан бөгөөд удахгүй УИХ-ын чуулганы хуралдаан болон Байнгын хороогоор танилцуулахаар болжээ. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Ганбаатар ахалж буй юм. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Оюу толгойг шалгах ажлын хэсгээс ямар дүгнэлт гарсан бэ?

-Оюу толгойд маш ноцтой дүгнэлт гарсан. Тухайлбал, тэд улирлаар, нийлмэл хүүний аргаар буюу хүүгээс хүү бодох аргаар хүүлж байна. Оюу толгойн 34 хувийг бид үнэгүй авсан гэж бодсон. Гэтэл энэ бол зээлээр авсан, зээлийнх нь хүү маш өндөр юм байна. Менежментийн төлбөр, 34 хувийн хүү Монголд яаж нөлөөлж байгааг би хэлье. Өдөр бүр гурван сая ам.доллар буюу таван цэцэрлэгийг бид "Рио Тинто"-д бэлэглэж байгаагаас өөрцгүй.

Монголын банкнууд энгийн хүүгээр хүүлдэг. Харин нийлмэл хүү буюу хүүгээс хүү бодох нь геометрийн прогрессоор өсч байгаа гэсэн үг. Энэ мэт бидэнд ашиггүй олон зүйл илэрсэн. Эл жишээ зөвхөн нэг нь. Манай ажлын хэсэг дүгнэлтээ удахгүй олон нийтэд ил болгоно. Маш олон хүний хүч хөдөлмөр шингэсэн ажил болохоор ул суурьтай хандсан.

-Ийм хуудуутай зүйл илэрсэн байхад гэрээнд өөрчлөлт оруулах асуудал яагаад хойргошоод байна вэ?

-Би гэрээнд өөрчлөлт оруулахын төлөө зүтгэнэ. Үүнд, Монголын улстөрчид дуу нэгтэй байх ёстой. Өнгөрсөн жил Оюу толгойн гэрээг өөрчлөх талаар дуу нэгтэй ярьсан ч үүнээс хойш таг чиг болсон. Харин өнөөдөр Оюу толгойн төлөө шударгаар ярьсан хүнийг эх орончид гэж муулж байна. Монгол оронд хамгийн их муулуулж, ад үзэгддэг нэр томьёо нь муу, сайн эх орончид гэсэн үг болчихож. Гэтэл бусад оронд энэ нэршил өөрөөр хэрэглэгддэг.

Харин манай улстөрчид, ард түмнийг эх орончид гэж хэлүүлэхээсээ айж, эмээдэг болтол нь Рио Тинто мөнгө зарцуулж байна. Тэдэнд РR-даа зарцуулах мөнгө бий ч монгол залуусыг цалинжуулах мөнгө алга. Үүний эсрэг бид тэмцэж байна. Яамдын хурган дарга нар сайд нараасаа айна гэж жигтэйхэн.

Сайд нар нь "Рио Тинто"-гоосоо айж байна гэхэд ч хаашаа юм. Гэхдээ тэдний хүүхдүүд Оюу толгойд ажилладаг бололтой. Зарим нь тендер ч авсан байх жишээтэй. Энэ мэтээс болоод Оюу толгойг ярих хүн ховор болчихоод байна шүү дээ.

ШИНЭ МЭДЭЭ