Инженер Н.Нацагнямын бүтээлийг 100 сая төгрөгөөр урамшууллаа
Засгийн газрын нэрэмжит 100 сая төгрөгийн шагнал гардуулах үеэр
2013.12.13
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Инженер Н.Нацагнямын бүтээлийг 100 сая төгрөгөөр урамшууллаа

“Дэлхийн шилдгүүдийн сэдэж, бүтээж байгааг Монголын инженерүүд ч хийж чадна гэдгийг эрдэмтэн Н.Нацагням харууллаа.

Бид оюунлаг бүтээн байгуулалт, монгол ухааныг алдаршуулж байна” гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг Төрийн шагналт эрдэмтэнд Засгийн газрын нэрэмжит 100 сая төгрөгийн шагнал гардуулахдаа хэллээ.

Инженер Н.Нацагням “Синхрон генераторын реактив чадлын автомат тохируулга болох NaNyam-AX12 болон түүний виртаул лаборатори” бүтээлээрээ олон тэрбум ам.долларын инновацын импортыг орлуулж чадсан юм.

Шинжлэх ухааны салбарын 2013 оны технологийн дэвшлээр тодорсон энэ бүтээлийг бүх станцад суурилуулбал манай эрчим хүчний систем ОХУ-аас хараат бусаар, бие даан ажиллаж чадахаас гадна аваар гарах, хүчдэл хэлбэлзэх үед эрчим хүчний систем найдвартай ажиллана гэж салбарынхан дүгнэжээ. Энгийнээр хэлбэл, айл өрхийн зурагт, хөргөгч цахилгааны хэлбэлзлээс үүдэж шатахгүй гэсэн үг.

“Английн IT компаниудад ахлах инженер хүртэл ахиж есөн жил ажиллахдаа ердөө хоёр технологи сурч ирснээ бүтээл болголоо. Монгол Улс импортлогч биш үйлдвэрлэгч-экспортлогч орон болоход энэ бүтээл маань түлхэц үзүүлнэ гэж итгэж байна” хэмээн инженер Н.Нацагням хэллээ.

Ажлын гараагаа цахилгааны монтёрчноос эхэлж байсан тэрбээр Английн гурван компанид зохион бүтээгч инженерээр өсч дэвшиж ажилласан байна. Өөрийг нь өдий зэрэгт хүргэж, бурхан ухаанаа өвлүүлсэн багш нарынх нь ч хөдөлмөрийг төр үнэлээсэй гэж хүсдэгээ уламжилсныг Засгийн газрын тэргүүн тодотгож, "Н.Хэнмэдэх, Ч.Нацагдорж, Б.Бат-Отгон зэрэг олон багшийн мэдлэг туршлага, ур ухааны хүчээр олон улсын хэмжээнд үнэлэгдсэн Н.Нацагнямын адил олон инженер, зохион бүтээгч цаашид ч төрнө гэдэгт итгэлтэй байна. Монгол инженерүүдийн дахин сэргэлтийг Монголын төр дэмжих болно" гэлээ.

Жилд ганцхан хүнд хүртээдэг Засгийн газрын шагналыг өмнө нь С.Төмөрбаатар, Х.Намсрай нарын эрдэмтэд хүртэж байсан юм.

ШИНЭ МЭДЭЭ