Б.Алтантуяа: Хандлагыг төлөвшүүлж чадвал хүний эрхийн зөрчил гарахгүй
Монголын Эмнести Интернэшнл Байгууллагын захирал Б.Алтантуяа
2013.12.13
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Б.Алтантуяа: Хандлагыг төлөвшүүлж чадвал хүний эрхийн зөрчил гарахгүй

Монголын Эмнести Интернэшнл Байгууллагын захирал Б.Алтантуяатай хүний эрхийн боловсролын талаар ярилцлаа.

-Хүний эрхийн боловсролыг цогцоор нь шийдэж чадахгүй байгаагаас болж эрхийн зөрчил гарч байгаа. Энэ талаар юу хийх вэ?

Хүний эрхийн зөрчил гарахад нөлөөлж буй хүчин зүйлсийг судлаад үзэхээр үндсэн гурван зүйл нөлөөлж байгааг тогтоосон. Нэгдүгээрт хүмүүсийн хандлага, хоёрдугаарт мэдлэг ойлголт, гуравдугаарт мэдээлэл, ур чадвар.

Манай байгууллага хүний эрхийн албан бус боловсрол олгох ажлыг олон улсын байгууллагуудтай хамтарсан төсөл, хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж ирсэн. Хүний эрхийн боловсролыг түгээн дэлгэрүүлэхэд иргэний нийгмийн байгууллагууд ихээхэн хувь нэмэр оруулж байна.

Гадны олон төсөл, санхүүжилт, иргэний нийгмийн хүчээр л хүний эрхийн боловсролд анхаарч байгаа юм. Гэтэл төрийн зүгээс хийж анхаарч, санхүүжүүлж буй ямар ч зүйл алга. Нэгэнт манай улсад хүний эрхийн боловсролд санхүүжилт хийхгүй байгаа юм чинь яаж хандлага сайн байж чадах билээ.

-Хүний эрхийн боловсрол нь ямар үед бүрэн биеллээ олох вэ?

Молдавийн Эмнести Интернэшнл, Лилиа Савичева: Бид хүний эрх, үнэт зүйлсийн талаархи мэдлэгийг олон нийтэд түгээх, хүний эрхийн соёлыг мэдрүүлэх тал дээр багш нартай хамтран ажилласнаар, тэд холбогдох зарчмуудыг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэх боломжтой болсон.

Хандлага мэдлэг, ур чадвар гурав нийлээд хүний эрхийн боловсрол болно. Хүн бол хүний эрхийн боловсролыг заавал танхимд сууж, сургалт маягаар заалгаснаар ойлгохгүй. Хүрээлэн буй орчноосоо маш их мэдээллийг авч, суралцаж ойлгож ухаарч байдаг. Энэ ч утгаараа гэр бүл найз нөхөд, сүм хийд, ажлын хамт олон, хэвлэл мэдээлэл зэрэг зүйлсээс хандлага, мэдээллээ олж авдаг. Тиймээс нийгмийн сэтгэхүйг залуурдагч хэвлэл мэдээлэл өөрөө хүний эрхийн маш зөв хандлагатай байх нь чухал.

НҮБ-ын зүгээс ирэх онуудад сэтгүүлчид рүү чиглэсэн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм билээ. Мөн ерөнхий боловсрол болон их дээд сургуулиудын боловсролын арга зүй, орчинг өөрчлөх нь хамгийн чухал байгаа учраас өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулж байна.

Харин Эмнести Интернэшнлийн хүний эрхийн боловсролын үйл ажиллагаа нь таван зорилготой. Хүний эрхийн зөрчлийг үүсгээд байгаа үндэс, суурь болсон шалтгаануудад анхаарал хандуулах, хүний эрхийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, алагчлах явдалтай тэмцэх, тэгш эрхийг сурталчлах, дэмжих, нээлттэй ардчилсан шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэхээр зорин ажилладаг.

-Хүний эрхийн боловсрол, ур чадвар дутмаг байгаагаас хүний эрх зөрчигдөж, зөрчиж байгаа. Хүний хандлагыг өөрчилнө гэдэг бол их хэцүү. Яаж өөрчлөх вэ?

Хүнийг өөрчлөх хэцүү. Харин хандлагыг нь өөрчилж болно. Үүнд нэг их мөнгө төгрөг, төсөв хөрөнгө шаардагдахгүй. Хэрвээ хүмүүс хүний эрхийн цогц боловсролтой болчихвол зөрчил гарахаа болино.

Хүнийг өөрчлөх хэцүү. Харин хандлагыг нь өөрчилж болно

Өнөдөр хүний эрхийн боловсролгүй учраас л хүний эрхэд суурилсан хандлага төлөвшиж чадахгүй байгааг ойлгох хэрэгтэй. Хандлагыг төлөвшүүлж чадвал хүний эрх зөрчигдөх нь багасна.

-Хүний эрхийг дээдэлдэг хэмээх тодотголтой улс орнуудын туршлагаас хуваалцаач?

Францын эрдэмтэд дэлхийн тэргүүлэх арван баян орон болон хамгийн ядуу арван орны хүмүүсийг хооронд нь харьцуулж судалж үзсэн байдаг.

Гол ялгаа нь хүмүүсийн хандлага л байсан. Түүнээс биш тэргүүлэх баян орнуудын хүн ард эдийн засгийн хөгжил, улс төрийн тогтвортой байдал, эрдэм мэдлэг, хөдөлмөрч чанараараа ялгаатай байгаагүй. Харин хүний эрхэд суурилсан хандлагыг маш сайн төлөвшүүлж, эрхээ хамгаалах ур чадвар, мэдлэгэд суралцсан байдлаараа л ялгаатай байсан.

Гэтэл манайхан би ийм эрхтэй гэдэг мөртлөө, тэрийгээ хэрхэн зөв хамгаалж, бусдын эрхийг зөрчихгүй байх вэ гэдгээ мэддэггүй. Энэ нь хүний эрхийн боловсрол олгох чиглэлд төрийн зүгээс цогц бодлогоор хангаж, чиглүүлэхгүй байгаатай нягт холбоотой.

Нэгэнт НҮБ-аас баталчихсан тогтоолыг УИХ-аар батлах ёстой. Үнэндээ УИХ-ын гишүүд өөрсдөө хүний эрхийн боловсрол, хандлагын хувьд дутагдалтай байгаа учраас энэ асуудлыг соргогоор харж шийдэж чадахгүй байна. УИХ дахь Хүний эрхийн дэд хорооноос бодитой ажлыг хийгээсэй гэж хүсмээр байна.

Ярилцсанд баярлалаа.