2013.12.14
Эдийн засаг, Худалдаа

Өрийн удирдлагын нэгдсэн бодлого гаргана

Засгийн Газраас хүчээр үнийг барина гэдэг цаашдаа боломжгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.Энэ асуудлын эцсийн шийдэл бол өөрсдөө шатахуунаа үйлдвэрлэдэг болох явдал. Бензиний үнийг сүүлийн нэг жилийн хугацаанд барьж чадсан, 50 төгрөгөөр буурууллаа гэсэн мэдэгдлийг Ерөнхий Сайд өгч байна. Гэхдээ судлаачдын өгч буй санал, зөвлөмжүүдийг хайхрахгүй өнгөрч болохгүй.

Ерөнхий Сайд Н.Алтанхуяг:

Нефтийн бүтээгдэхүүний үнэ нь бусад барааны үнэд нөлөөлдөг учраас нэг жилийн хугацаанд үүнийг баръя гэсэн гэрээг компаниудтай хийсэн юм. Гэрээ амжилттай хэрэгжиж, өнгөрсөн оны 10 сараас бензиний үнэ тогтвортой байж 50 төгрөгөөр буурлаа. Гэрээ хийсэн компаниуд авсан зээлээ арилжааны банкуудаар дамжуулж төлнө.

2014 оны улсын төсвийг хэлэлцэх үеэр улсын өрийн хэмжээг дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувьд барих ёстой байтал 50,3 хувьтай байна гэсэн мэдээлэл гарч байлаа. Харин судлаачид, тэр тусмаа ерөнхий сайдын алба хашиж байсан хүмүүс монгол улс өр тавьж бүтээн байгуулалт хийж болно, гэхдээ өрийг нэгдсэн байдлаар яаж удирдах вэ гэдэг бодлого нь маш тодорхой байх ёстой гэсэн саналыг гаргасан билээ.

Юуг өр гэдэг, юуг өр биш гэж үздэгийг хуулиар нь ялгаж салгая

Засгийн Газрын тэргүүн өнөөдөр Монгол Улс өрийн нэгдсэн бодлоготой байх үүднээс хуулийн төсөл хэлэлцэж байна гэсэн нэгэн чухал мэдэгдлийг хийлээ. Энэ нь улс орны эдийн засагт чухал үүрэгтэй. Түүнээс гадна, Засгийн Газар төсвөөс гадуур 1,5 тэрбум ам.долларын бонд гаргаад зарцуулж байна гэдэг дээр хоёр талын байр суурийг ажиглаж болох юм. Нэг тал нь дэмжиж, нөгөө нь эсэргүүцэж байна. Дэмжиж байгаа хүмүүсийн хувьд Монгол Улс дан ганц төсвийн мөнгөөр бүтээн байгуулалт хийх боломжгүй, учир нь томоохон хөрөнгө оруулалтууд маш их хэмжээний мөнгийг шаарддаг гэсэн гаргалгааг хийж байна. Гэхдээ судлаачдын үзэж байгаагаар ямар ч мөнгө эцэстээ улсын тогооноос гарч байгаа учир бондын мөнгийг зарцуулахад холбогдох байгууллагууд хатуу хяналт тавих ёстой гэдгийг онцолж байна.

Өнгөрсөн оны 12-р сарын зургааны өдөр Монгол улсын дансанд 1,5 тэрбум ам.доллар орж ирсэн билээ. Энэ үеэр мөнгийг захиран зарцуулах ажлыг Эдийн Засгийн Байнгын Хороонд даалгасугай гэсэн УИХ-ын тогтоол гарч байлаа. Харин Ерөнхийлөгч Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийг хуралдуулж асуудлыг хэлэлцэн Зөвлөл ч мөнгөний зарцуулалтыг хянана гэдгийг мэдэгдсэн юм. Гэтэл өнөөдөр хяналт тавих ёстой дээрх хоёр субъект яагаад олон нийтийг мэдээлэлжүүлэхгүй, мөнгөний зарцуулалтыг нээлттэй байлгахгүй байна вэ гэсэн асуулт зүй ёсоор гарч ирж байна.

Ерөнхий Сайд Н.Алтанхуяг:

Засгийн Газар төсвөөс гадуур их хэмжээний мөнгийг тодорхойгүй зарцуулаад байна гэсэн шүүмжлэлийг бид авч үзээд өрийн удирдлагын нэгдсэн бодлоготой байх хэрэгтэй гэсэн дээр санал нэгдсэн юм. Юуг өр гэдэг, юуг өр биш гэж үздэгийг хуулиар нь ялгаж салгая гэсэн юм. Бүлгүүдийн хурлаар бид энэ асуудлыг нэлээд авч хэлэлцлээ. 1-2 долоо хоногийн дараа УИХ-д өргөн барина.

ШИНЭ МЭДЭЭ