Оёдлын үйлдвэр брэндүүдтэй өрсөлдөнө
Ерөнхий сайд Н.Алтанхуяг тус үйлдвэрийн Улсын их дэлгүүр дэх “Fashion club”-аар өчигдөр орой зочилж, шинэ бүтээгдэхүүнүүдтэй нь танилцлаа.
2013.12.16
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Оёдлын үйлдвэр брэндүүдтэй өрсөлдөнө

Зам, барилга, томоохон бүтээн байгуулалтаас гадна хөнгөн үйлдвэрлэлийн салбарт “Чингис” бондын хөрөнгөөс багагүй хэмжээний санхүүжилт хийж байна.

Үр дүн эхнээсээ гарч, зөөлөн оёдлын үйлдвэрлэлд үндэсний шинэ брэнд бий боллоо. Энэ бол “Exclusive”. Энэ үйлдвэрт бондын хөрөнгөөс 700 гаруй сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, бараа материалаа бөөнөөр татах, хүчин чадлаа нэмэх боломж олгосноор импортыг орлох дотоодын брэнд өндийж, хөл дээрээ босчээ.

Шинэчлэлийн Засгийн газар өнгөрсөн хавар “Монголын эдийн засгийн форум 2013” чуулганаар Монгол брэндүүд бий болгох боломжийг эрэлхийлж, олон чиглэлээр хэлэлцүүлэг явуулсан билээ. Энэ үеэр хувийн хэвшлийнхний зүгээс цөөнгүй бүтээлч санал дэвшүүлсний дотор “Exclusive” компанийн захирал Г.Майцэцэг төр дэмжвэл дэлхийн брэндтэй өрсөлдөж чадах дотоодын бүтээгдэхүүнийг богино хугацаанд гаргаж чадна гэж хэлж байсан юм. Чуулганы дараа түүний санал ажил хэрэг болж, хөрөнгө санхүүгийн дэмжлэг авч байсан бол ердөө хэдхэн сарын дараа шинэ бүтээгдэхүүнүүдээ борлуулж эхэллээ.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг тус үйлдвэрийн Улсын их дэлгүүр дэх “Fashion club”-аар өчигдөр орой зочилж, шинэ бүтээгдэхүүнүүдтэй нь танилцлаа. “Бусад салбарыг бодвол оёдлын үйлдвэрлэл хөрөнгө оруулалт бага шаарддаг, бас богино хугацаанд эргэн төлөгдөх бололцоотойг энэ үйлдвэрийн жишээнээс харж болохоор байна.

Дэлхийн брэндтэй өрсөлдөх туршлага, чадвар, боловсон хүчин бидэнд бий гэж үйлдвэрийн удирдлага хэлж байна.

Бондын хөрөнгө оруулалт бодит бүтээгдэхүүн болж зэх зээлд гарахад хувийн хэвшлийнхний зүтгэл их байлаа” гэж Засгийн газрын тэргүүн энэ үеэр онцоллоо. Дэлхийн брэндтэй өрсөлдөх туршлага, чадвар, боловсон хүчин бидэнд бий гэж үйлдвэрийн удирдлага хэлж байна. Олон хүнийг ажилтай, орлоготой болгосон Г.Майцэцэг захирал өөрөө Польш улсад оёдлын үйлдвэр байгуулан ажиллуулж байсан туршлагатай нэгэн юм.

Монгол бүтээгдэхүүн чанаргүй, загваргүй гэдэг хандлагыг “Exclusive” хална. Орц, чанар, загвар хийц, үнэ гээд бүх талаараа манай бүтээгдэхүүн дэлхийн брэндүүдтэй өрсөлдөж чадна. Үндэсний хэв маяг агуулсан шинэлэг загвартай, үйлчлүүлэгчид хүссэн хэмжээ, загвараараа захиалан оёулах боломжтой гэдгээрээ манай бүтээгдэхүүнүүд олны таашаалд нийцэж байгаа хэмээн үйлдвэрийн ажилтнууд ам бардам байна.

Үндэсний нэг брэндийг дагаж дотоодын олон салбар хөгждөг. Бүтээгдэхүүний цогц байж брэндийг үүсгэдэг учраас эднийх гадуур, дотуур хувцас, цүнх, гутал бүгдийг  үйлдвэрлэнэ. Энэ хэрээр арьс шир, ноос ноолуур, загвар урлал гэх мэт салбарт захиалга нэмэгдэж, ажлын байр нэмэгдэнэ. Цаашид Монгол Улс даавуугаа дотооддоо үйлдвэрлэвэл эцсийн бүтээгдэхүүний үнэ улам хямдарна. Тиймээс оёдлын үйлдвэрлэлийг Шинэчлэлийн Засгийн газар дэмжиж, хөрөнгө оруулж байгаа юм.

ШИНЭ МЭДЭЭ