2013.12.17
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Н.Алтанхуяг: Мэдээллийн тоонд бус агуулгад анхаарах цаг болжээ

Монголд чөлөөт хэвлэл үүссэний 25 жилийн ой тохиож байна. Мөн энэ өдөр Монголын Сонинуудын Холбоо байгуулагдсаныхаа 15 жилийнхээ ойг тэмдэглэж байна. Эдгээр ойн хүрээнд нийт хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл оролцсон чуулган Төрийн Ордонд болж чөлөөт хэвлэлийн байдал, цаашдын хөгжлийн талаар хэлэлцлээ.

Ойн хурлыггэсэн уриан дор зохион байгууллаа. Учир нь 1988 онд чөлөөт хэвлэл үүсэх эхлэл тавигдсан нь хоёр жилийн дараа өрнөсөн ардчилсан өөрчлөлтийн үндэс суурь болж чадсаныг тэмдэглэж байна. 

Сэтгүүлчдийн Эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид:

1988 оны 11 сарын 5 нд “Цагийн толь” сонин хэвлэгдэн гарч, улмаар нэг жилийн дараа 1989 оны 12 сарын 18 нд “Шинэ толь” сонин үүссэн нь монголын нийгмийг нойрноос нь сэрээх харангыг дэлдэж, монголын ардчилсан чөлөөт хэвлэл жинхэнэ утгаараа хөгжих эхлэлийг тавьсан юм. Монголын нийгэм ил тод байдал, олон ургальч үзлийг дэлгэрүүлэгч хүний эрх, эрх чөлөөг хамгаалан бэхжүүлэгч хүчит хэрэгсэл болсон чөлөөт хэвлэлүүдийг талархан хүлээн авсан билээ.

ОБЕГ-ын дэд дарга, “Цагийн толь” сониныг үүсгэн байгуулагч Дарь.Сүхбаатар:

Хэвлэлийн эрх чөлөө байхгүй бол өөр ямар ч эрх чөлөө байхгүй. Хэвлэлийн эрх чөлөө гэдэг бол хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх боломжийг олгодог. Энэ бол ардчиллын мөн чанар.

“Хэвлэлийн эрх чөлөө бол ард түмний эрх чөлөө”

Дээрх хоёр ойн хүрээнд чөлөөт хэвлэлийн анхдагчдыг тодрууллаа. Энэ дунд Ерөнхийлөгч, Ерөнхий Сайдаас эхлээд ардчилсан телевиз, сонинуудыг байгуулалцаж явсан 20 гаруй хүн байлаа. Тэд чөлөөт хэвлэлийн өнгөрсөн, одоо, ирээдүйн талаар өөрсдийн үгээ хэллээ.

Ерөнхий Сайд Н.Алтанхуяг:

Бид одоо нэг зүйл дээр анхаарах хэрэгтэй. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо хангалттай олон байна. Харин тэрхүү сувгуудаар ард олонд хүрч буй мэдээллийн агуулгад анхаарах цаг нь болжээ. Шинэчлэлийн Засгийн Газар жинхэнэ монгол контентыг арвижуулах шаардлага байгаа гэдгийг ухамсарлан ажиллаж байна.

25 жилийн тэртээ чөлөөт хэвлэл үүсч хөгжсөн ч өнөөдөр манай улс хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орны тоонд орж байна. Уг нь 13 жилийн өмнө хэвлэлийн бүрэн эрх чөлөөтэй орон байсан ч 1994, 1996, 2002, 2012 онуудад хэвлэл мэдээллийн олон байгууллагыг шалгаж заримыг нь хаасан явдал нь олон улс дахь байрыг ухраахад хүргэжээ. Ийм байдал цаашид давтагдахгүй гэх газаргүй. Тиймээс хэвлэлийн эрх чөлөөтэй холбоотой хууль тогтоомжуудыг сайжруулах, шинэчлэх шаардлагатай байгааг чуулганд оролцогчид онцоллоо.

ШИНЭ МЭДЭЭ