Нийгмийн үйлчилгээний барилгуудын зураг төслийг нэг загвараар хийж, төсөв хэмнэж байна
“Бүтээн байгуулалтын цаг”-аар
2013.12.17
Улстөр

Нийгмийн үйлчилгээний барилгуудын зураг төслийг нэг загвараар хийж, төсөв хэмнэж байна

Ээлжит “Бүтээн байгуулалтын цаг”-аар ирэх жил аймаг, сумдад барих барилга байгууламжуудын зураг төслийн талаар ярилцлаа.

Ижил хүчин чадалтай, адилхан материалаар барих эмнэлэг, сургууль, цэцэрлэг, соёлын төв, дулааны станцуудын төсөвт өртөг тэрбум тэрбум төгрөгөөр зөрдгийн анхдагч шалтгаан зураг төсөл. Энэ замбараагүй байдлыг өөрчлөхийн тулд Шинэчлэлийн Засгийн газар 2013 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 226 дугаар тогтоолоор нэг маягийн зургаар барих нийгмийн үйлчилгээний барилга байгууламжуудын жагсаалтыг баталсан юм.

Монгол Улсын сумдыг 3000 хүртэл, 3000-5000, 5000-аас дээш хүн амтай гэж гурав ангилж, түүнд тохирсон багтаамж чадалтай нийгмийн үйлчилгээний барилга байгууламжууд барихад ашиглах нэг маягийн зураг гаргах үүргийг дээрх тогтоолоор холбогдох яамдад өгсөн.

Энэ дагуу эхний зургууд бэлэн болжээ. 2013 онд ажлыг нь эхлүүлэх нийгмийн үйлчилгээний барилгын зураг төсөлд 61,5 тэрбум төгрөгшаардлагатай байсан бол нэг хэв маягийн зураг хийснээр энэ ажлыг ердөө 5 тэрбум төгрөгт багтаажээ. Жишээлбэл, 5000-аас дээш хүн амтай сумдад 280 хүүхдийн цэцэрлэг барих ба энэ нь 1896 м2 талбайтай, цутгамал төмөр бетон каркасхийцтэй, бага насны хүүхдийн 4 бүлэг, ахлах насны хүүхдийн 8 бүлэгтэй байна.

Дээрх тооны хүн амтай суманд барих 640 суудалтай сургуулийг мөн л цутгамал төмөр бетон каркас хийцээр 5631 м2 талбайтай барина. Дотоод зохион байгуулалтын хувьд 22 анги, 18х30м спорт танхим, цайны газарзэрэгтэй байхаар нэг маягийн зураг гаргажээ. Гэхдээ дотоод заслыг сум бүр өөрийн сонирхол санаачилгаар өөрчилж, анги танхимын тоог зөрүүтэй гаргах, засал чимэглэлийг ялгаатай хийх гэх мэт уян хатан сонголт өгнө гэж Эдийн засгийн хөгжлийн яамнаас танилцууллаа.

Өнөөг хүртэл аймгийн төв л дулааны станцтай, сумд уурын зуухтай явж ирсэн. Тэгвэл Шинэчлэлийн Засгийн газар сумдыг шинээр төлөвлөн хөгжүүлж эхэлсэн ба эхний хоёр жишиг сум ашиглалтад бэлэн болоод байгаа юм. Төлөвлөгөөний дагуу ирэх онд 8 аймагт ДЦС, 330 суманд дулаан, халуун усаар төрийн үйлчилгээний байгууллагуудыг хангах бага оврын станц барина.

Эдгээрийн зураг төслийг өмнөх жишгээр хийлгэвэл 9,5 тэрбум төгрөг хэрэгтэй байсан бол нэг маягийн зураг гаргаснаар 2,6 тэрбумд багтаажээ. Удахгүй Монгол Улсын бүх сум төвлөрсөн дулаан, халуун усны системтэй болж, захиргаа, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, дотуур байр, соёл спортын төв гээд тус тусдаа уурын зуухтай барилга байгууламжууд нэг л яндантай болно гэж Эрчим хүчний яамнаас мэдээллээ.

“Он гараад чухал төслүүдийн зургуудыг тухайлан авч хэлэлцье. Өвөл цаг гээд бүтээн байгуулалтын тухай ярихаа болихгүй. Дулаан, цахилгааны станцууд, эмнэлэг, сургууль, цэцэрлэг гэх мэт чухал хэрэгцээт барилгуудын зураг төсөл, тендерийн явц гээд хавар ажил нь цагтаа эхлэхэд шаардлагатай бүх бэлтгэлийг өвөл хэлэлцэн шийдвэрлэж ажиллана гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ. Ирэх даваа гарагт аймаг, сумдын төвлөрсөн халаалт, дулааны станцуудын зураг төслийг ярилцахаар тогтлоо.

ШИНЭ МЭДЭЭ