Н.Алтанхуяг: Огцруулах үндэслэлийг олж харахгүй байна
Ерөнхий сайд Н.Алтанхуяг
2013.12.18
Улстөр

Н.Алтанхуяг: Огцруулах үндэслэлийг олж харахгүй байна

МАН-ын бүлгээс өчигдөр Засгийн газрын хоёр сайд болох Ч.Улаан, Н.Батбаяр нарыг огцруулах өргөдлийг УИХ-ын даргад өгсөн байгаа. Энэ асуудал УИХ дахь намын бүлэг болон Засгийн газрыг багагүй сандралд оруулав. Хоёр сайдыг огцруулах асуудлаар өчигдөр орой Засгийн газар хуралдсан бөгөөд дахин уулзсан байна.

УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг, Ардчилсан намын бүлгүүд мөн өнөөдөр олонхийн хоёр сайдаа явуулах эсэх асуудлыг хөндөж, өдөржин хуралдлаа. “Шударга ёс” эвслийн бүлгийнхэн гэхэд хуралдаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон сайд Ч.Улаан, Н.Батбаяр нарыг байлцуулан хуралдав. Эвслийг бүлгийн зүгээс “МАН-ын тавьсан эдийн засгийн зарим үзүүлэлт хүндэрсэн асуудлыг цаашид Засгийн газар анхаарч үзэх ёстой гэж үзсэн ч МАН-ын бүлгээс тавьсан үндэслэлүүд нь Сангийн сайд болон Эдийн засгийн хөгжлийн сайд нарыг огцруулах бүрэн үндэслэл болохгүй” гэж үзсэн юм.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг:

“Өнөөдөр үүссэн төсөв санхүүгийн хүндрэл бол Засгийн газар бүрэн  эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш бий болсон зүйл биш. Ялангуяа өр төлбөртэй холбоотой  асуудлыг өмнөх Засгийн газраас уламжлан авсан асуудал. Хөрөнгө оруулалт саарсан, эдийн засгийн өсөлт саарсан зэрэг бол зөвхөн Монголын дотоод гэхээс илүү дэлхийн зах зээлд болж буй үйл явдалтай холбоотой үүссэн, дэлхий хэмжээнд болж буй үйл явцтай холбоотой зүйл.

Дэлхий дээр бүс нутгийн хэмжээнд эдийн засгийн ямар өөрчлөлт гарч байна, тэр бүхэн Монгол Улсад нөлөөлж байдаг. Ялангуяа “Оюутолгой”-н ил уурхайн олборлолт зогссонтой холбогдуулан гадаадын хөрөнгө оруулалтын байдлыг харзнасан зүйлүүд байсан. Үүнтэй холбогдуулан “Оюутолгой”-н хоёр дахь шатны хөрөнгө оруулалтыг хийх талаар бодит, ажил хэрэгч санал гаргаж, ширээний ард суухаар ажиллаж байгаа. Огцруулахаар нэр нь яригдаж байгаа хоёр сайд нартай холбоотой эдийн засаг, санхүүгийн зарим нэг хүндрэл байгаа ч тэд бол Засгийн газрын гол зүтгээр болсон сайд нар.

Бонд босгосон, бондын санхүүжилтээр дамжуулан бүтээн байгуулалт босгосон зэрэг ажил бол Сангийн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд нарын хийж байгаа ажил. Тиймээс Засгийн газрын тэргүүний хувьд хоёр сайдын асуудлыг нухацтай авч хэлэлцэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Засгийн газрын гишүүдийг шахаж, шаардлага тавьж ажиллах нь зүйтэй ч огцруулах үндэслэлийг олж харахгүй байна” хэмээн “Шударга ёс” эвслийн хуралд байр суурь илэрхийлжээ. 

Харин Ардчилсан намын зүгээс сайд Н.Батбаяр, Ч.Улаан нарын асуудлыг намын бүлгийн ээлжит бус хуралдаанаараа хаалттай хэлэлцсэн юм. Гэвч олонхийн зүгээс энэ хоёр сайдыг огцруулах шаардлагагүй гэсэн байр суурийг ерөнхийдөө илэрхийлж буй. АН өнөөдөр хаалттай хуралдсан бүлгийн хуралдааныхаа талаар хэвлэлийнхэнд ямар нэгэн мэдэгдэл хийхгүй гэдгээ мэдэгдээд байна. Үдээс хойш хоёр сайдыг огцруулах санал гаргасан МАН-ынхныг мэдээлэл хийнэ гэсэн яриа байсан ч Ардын намынхан эл асуудалтай холбоотойгоор өнөөдөр ямар нэгэн мэдэгдэл хийсэнгүй.

ШИНЭ МЭДЭЭ