Гадаад харилцааны салбарын 2013 оны онцлохууд
-Өнгөрч буй 2013 оны онцлох үйл явдлуудыг Gogo.mn вэбсайт өнөөдрөөс эхлэн салбар бүрээр нь хүргэж байна. Гадаад харилцааны салбарт өрнөсөн хамгийн чухал, томоохон үйл явдлуудыг эргэн саная-
1.Монголд анх удаа гадны 800 төлөөлөгч хуран чуулав
Дэлхийн 140 гаруй орныг эгнээндээ нэгтгэсэн, ардчиллын төлөөх томоохон хөдөлгөөн-Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (АОХН)-ийг манай улс анх удаа амжилттай даргалсан. Энэ ажлын хүрээнд дөрөвдүгээр сарын 27-29-нд Улаанбаатар хотноо 103 орны 800 орчим төлөөлөгч оролцсон Сайд нарын VII бага хурлыг зохион байгууллаа. Энэ нь даргалагч орны ажлаа хүлээлгэн өгөхдөө зохион байгуулдаг уламжлалт хурал юм.
Энэ хурал манай нэр хүндийг олон улсын тавцанд өргөсөн, чухал үйл явдал болж өнгөрсөн. Учир нь Монголд анх удаа гадаадын 800 төлөөлөгч хуран чууллаа. Зочид төлөөлөгчдийн дотор ерөнхийлөгч, ерөнхий сайд, гадаад хэргийн сайд нар олон байсан нь хурлын чансааг илтгэнэ.
Нөгөөтэйгүүр манай улс АОХН-ийг нэг жилийн хугацаатай даргалах сонгуульд ялалт байгуулсан нь энэ салбарт ажилладаг манай мэргэжилтнүүд сайтар бэлтгэгдэн, мэргэшсэнийг илтгэнэ. Ганцхан жил даргалсан ч энэ богино хугацаанд Ардчиллын боловсролын тухай тогтоолыг НҮБ-аар батлуулж чадсан нь том амжилт юм. АОХН-ийн Сайд нарын VII бага хуралд манай хоёр хөршөөс ямар ч төлөөлөл оролцоогүй нь бас л онцлох мэдээ байлаа.
2.Монгол-Японы Ерөнхий сайд нар харилцан айлчлав
Монгол Улс гадаад харилцааны салбартаа гурав дах хөршийн бодлого баримтлаад багагүй хугацаа өнгөрлөө.
Монгол Улс гадаад харилцааны салбартаа гурав дах хөршийн бодлого баримтлаад багагүй хугацаа өнгөрлөө. БНСУ, Япон, АНУ, ЕХ, БНТУ зэрэг эдийн засгийн өндөр хөгжилтэй орнуудтай идэвхтэй хамтран ажиллах зорилгоор эдгээр улсуудыг гурав дах хөрш орнууд гэж зарласан.
Энэ онд эдгээрээс Япон, БНТУ-уудын ерөнхий сайд нар манай улсад ар араасаа цувран айлчилсан. Японы ерөнхий сайд Шинзо Абэ өнгөрсөн гуравдугаар сард манай улсад айлчилсан бол Ерөнхий сайд Н.Алтанхуяг есдүгээр сарын 11-14-нд Токиод айлчилсан юм. Үр дүнд хоёр орны ирэх таван жилд мөрдөх Стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрөө үзэглэлээ. Мөн Японы Засгийн газрын банк болох Олон улсын хамтын ажиллагааны банк, Монголын Хөгжлийн банктай санамж бичигт гарын үсгээ зурсан. Ингэснээр Самурай бондыг Японд арилжаалах эхлэл тавигдсан юм.
Монголд ардчилал хөгжсөнөөс хойш хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өргөжин, 1998 оноос иж бүрэн түншлэлийн зарчимд шилжсэн. Харин дипломат харилцаа тогтоогоод 41 жилийн дараа стратегийн түншлэлийн харилцаа буюу гадаад харилцааны хамгийн дээд шатанд шилжсэн юм.
3.Европын холбооны ерөнхий сайд манай улсад айлчиллаа
Европын комиссын Ерөнхийлөгч Жозе Мануэл Баррозо Монгол Улсад анх удаа айлчилсан. Энэ айлчлал Европын холбооны зүгээс хийсэн анхны өндөр хэмжээний айлчлал. Дөрөвдүгээр сард болсон АОХН-ийн Сайд нарын VII бага хуралд Европын комиссын Ерөнхийлөгч Жозе Мануэл Баррозо оролцоно гэдэг мэдээ гараад байсан. Харин тэрээр манай улсад арваннэгдүгээр сарын 17-нд айлчилсан. Түүнийг 28 гишүүн орныг эгнээндээ нэгтгэсэн, ЕХ гэдэг их нэгдлийн ерөнхий сайд, гүйцэтгэх засаглалын тэргүүн гэж хэлж болно.
Энэ айлчлал Европын холбооны зүгээс Монгол Улстай хөгжүүлэх харилцаанд ихээхэн ач холбогдол өгч байгааг батлан харуулсан. Манай улс Европын холбооны 11 гишүүн оронд дипломат төлөөлөгчийн газраа ажиллуулдаг.
Европын холбоо Улаанбаатар хотноо өөрийн дипломат төлөөлөгчийн газрыг нээн ажиллуулах нь хоёр талын улс төрийн харилцааг бэхжүүлэх, бусад салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, Европын хөрөнгө оруулагчдын сонирхолд нийцсэн чухал алхам болохыг манай талаас айлчлалын үеэр онцолсон.
Мөн Монгол Улс дээд боловсролын нэгдсэн стандарт “Болоны конвенци”-д хамрагдах хүсэлтээ илэрхийлсэн юм.
4.Туркийн ерөнхий сайд хоёр дахь удаагаа айлчлав
Сүүлийн жилүүдэд Монгол-Туркийн харилцаа олон салбарт эрчимтэй хөгжиж байгаа.
Сүүлийн жилүүдэд Монгол-Туркийн харилцаа олон салбарт эрчимтэй хөгжиж байгаа. Боловсрол, батлан хамгаалах, судалгаа, шинжилгээ, тээврийн салбарт хамтын ажиллагаа илүү өргөн хүрээг хамардаг.
Тус улсын ерөнхий сайд Рэжэп Таип Эрдоганы манай улсад хийсэн айлчлалын үр дүнд барилга, хот байгуулалт, арьс шир боловсруулах шинэ цогцолбор байгуулах, аялал, жуулчлалын салбарт хамтран ажиллахаар болсон.
75 сая хүн амтай Туркт барилгын салбар маш өндөр түвшинд хөгжсөн. Бүтээн байгуулалт ид өрнөж байгаа Иракт л гэхэд Туркийн барилгын компаниуд гол үүрэг гүйцэтгэж байна. Иймд агаар, хөрсний бохирдлыг бууруулах, хүн амын ая тухтай амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэхийн тулд орон сууцжуулах бодлого баримталж байгаа манай засгийн газрыг Туркийн тал дэмжин, энэ салбарт хамтран ажиллах өргөн боломж бий гэж онцолсон. Мөн Туркийн улсын “Эксим” банкнаас орон сууц барихад зориулан 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох нь тодорхой болоод байна.
Аялал жуулчлалын салбарт ч маш их нөөц бий. Хоёр орны ард түмэн олон зууны тэртээ хаяа дэрлэн оршиж байсныг гэрчлэх олон хөшөө, дурсгал Монголд байдаг. Эдгээрийг хамгаалах олон ажлыг Туркийн тал хийсэн.
Турк иргэн бүр өвөг дээдсийнхээ амьдарч байсан газар орон болон барьж босгосон хөшөө дурсгалыг нь нүдээр үзэх чин хүсэлтэй байдаг. Иймд дэд бүтцийг нь байгуулчихвал Хархорин, Налайх руу Турк жуулчдын цуваа тасрахгүй.
Энэ бүхэн ажил хэрэг болвол хоёр орны худалдааны эргэлтийг 2015 он гэхэд 250 сая ам.долларт хүргэх зорилтыг талууд тавилаа. Улс төрийн хамтын ажиллагааны хувьд Монгол, Турк улсууд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл дээр харилцан бие биеэ дэмжих томоохон шийдвэр гаргасан. Мөн Монгол Улс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны нийгэмлэгийн гишүүн болоход Турк улс дэмжлэг үзүүлсэн юм.
5.Ардчилсан ерөнхийлөгч социалист Пхеньянд хөл тавив
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж аравдугаар сарын 29-нээс арваннэгдүгээр сарын 1-нд БНАСАУ-д дөрвөн өдрийн турш айлчилсан. Энэ айлчлал анхнаасаа л маш их сонирхол татсан. Учир нь БНАСАУ хөрш БНСУ, Япон болон АНУ-тай дайсагнасан харилцаатай. Ихээхэн хаалттай тус оронд өрнөсөн үйл явдал бүхэн олон улсын хэвлэл мэдээллийнхний анхаарлын төвд байнга байдаг. Мөн залуу удирдагч Ким Жон Ун сүүлийн үед гэнэтийн, олныг цочирдуулсан шийдвэрүүд гаргах болсон.
Манай орны хувьд БНАСАУ болон БНСУ-ын аль алинтай нь дипломат харилцаа тогтоосон, хоёулантай нь найрсаг харилцаатай орон гэдгээрээ ихээхэн онцлог. Иймд Умард Солонгос, Японы талууд зөвшилцөх уулзалтаа Улаанбаатар хотод буюу Их Тэнгэрт энэ онд сэм хийсэн байдаг.
Энэ нь Солонгосын хойг дахь хурцадмал байдлыг намжаах, Зүүн хойд Азийн (ЗХА) аюулгүй байдлыг хангахад хувь нэмэр оруулах гэсэн манай гадаад бодлогын нэг илрэл. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хельсинкийн үйл явц”-ыг жишээлсэн, Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээг эхлүүлэх санаачилга дэвшүүлэн ажиллаж байна.
Түүх сөхвөл Монгол Улс 1948 онд БНАСАУ-тай дипломат харилцаа тогтоожээ. Тухайн үеийн ЗХУ-тай хамгийн түрүүнд дипломат харилцаа тогтоосон юм. Хоёрдугаарт нь БНАСАУ жагсдаг. Иймд урт удаан харилцааны түүх Монгол, Умард Солонгосыг илүүтэй ойртуулдаг юм.
Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Монгол Улс, БНАСАУ-ын хооронд Соёл, спорт, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан. Харин тус улсын залуухан удирдагч Ким Жон Ун ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой биечлэн уулзаагүй нь айлчлалын дараа тодорхой болсон юм.
6.Ерөнхий сайд Монгол-Хятадын худалдааг тэлэх олон гэрээ үзэглэлээ
Ерөнхий сайд Н.Алтанхуяг аравдугаар сарын 22-26-нд БНХАУ-д албан ёсны дөрөв хоногийн айлчлал хийсэн.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг аравдугаар сарын 22-26-нд БНХАУ-д албан ёсны дөрөв хоногийн айлчлал хийсэн. Ирэх арван жилд Хятад орныг удирдах шинэ үеийн удирдлага сонгогдсоноос хойш манай талаас өндөр, дээд түвшинд хэрэгжүүлсэн анхны айлчлал энэ болсон юм.
Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлалаар Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөрийг баталсан. Нийт 12 баримт бичигт талууд гарын үсэг зурсан юм. Эдгээрийн үр дүнг багцалбал, Монголын хүрэн нүүрсний ордыг түшиглэн нүүрс хийжүүлэх үйлдвэр байгуулж, хийн түлш экспортолно, 20 жилийн хугацаанд нэг тэрбум хүртэл тонн нүүрс Хятадад нийлүүлнэ, “Монгол-93” шатахууны нийлүүлэлтийг дөрөв дахин нэмнэ, Хятадын тал ачаа тээврийн боомтын төмөр зам барьж манайд хүлээлгэж өгнө зэрэг чухал шийдвэрүүдэд хоёр тал хүрч чадсан юм.
7.Ан Сан Су Чи Монголд ирж, хонь хариуллаа
Хамгийн их анхаарал татсан зочин бол Мьянмарын сөрөг хүчний тэргүүн, энэ оны Нобелийн энх тайвны шагналын эзэн Ан Сан Су Чи байлаа.
Өнгөрч байгаа энэ онд манай оронд ихээхэн нэр хүндтэй, дээд, өндөр түвшний зочид олноороо ирсэн юм. Канад Улсын Амбан захирагч Дэвид Жонстон, Польш Улсын Ерөнхийлөгч Бронислав Коморовски , Их Британийн Гадаад Хэрэг, Хамтын Нөхөрлөлийн сайд Уильям Хэйг, Их Британий ерөнхий сайд асан Тони Блэйр зэрэг нөлөө бүхий улс төрчид Монголд саатлаа.
Хамгийн их анхаарал татсан зочин бол Мьянмарын сөрөг хүчний тэргүүн, энэ оны Нобелийн энх тайвны шагналын эзэн Ан Сан Су Чи байлаа. Тэрээр гэрийн хорионоос суллагдан, парламентийн сонгуульд нам нь үнэмлэхүй амжилт гаргасан. Иймд НҮБ-ын дарга Бан Ги Мүүн, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Кэрри, Их Британийн ерөнхий сайд Дэвид Камерон нар түүнтэй уулзахаар Мьянмарыг зорьсон.
Ийнхүү дэлхий нийтийн анхаарлыг татсан ардчиллын удирдагч эмэгтэй Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад саатан, олон арван жилийн турш цэргийнхний хяналтад байсан Мьянмарын ардчиллын түүхийг монголчуудтай хуваалцсан юм.
Эцэст нь хэлэхэд, НҮБ-ын гишүүн бүх оронтой дипломат харилцаа тогтоох зорилтын хүрээнд энэ онд манай улс 11 улстай дипломат харилцаа тогтоох албан мэдээнд гарын үсэг зуржээ. Хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага гэж бид өөрсдийгөө тодорхойлдог. Тэгвэл идэвх, санаачилгатай, өргөн хүрээний гадаад харилцааны бодлого л Монгол Улсыг дэлхийн индэрт төлөөлж чадна.