Ерөнхий сайд Н.Алтанхуяг
2014.01.02
Улстөр

“Ерөнхий сайдын 30 минут” боллоо

Шинэчлэлийн Засгийн газар 2014 онд импортыг орлох, экспортыг дэмжих бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд ихээхэн анхаарна гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдэгдлээ.  

2013 оны эхний 11 сарын байдлаар Монгол Улсын нийт импорт 6 орчим тэрбум ам.доллар хүрсний талаас илүү хувийг эрдэс, хуванцар, арьс шир, химийн бүтээгдэхүүн, машин механизм, цахилгаан хэрэгслийн импорт эзэлж байна.   Иймд энэ чиглэлийн импорт орлох үйлдвэрийн төслийг нэн тэргүүнд дэмжинэ гэлээ.

Монгол Улс одоо эрдэс, ноос ноолуур гэсэн хоёрхон төрлийн бүтээгдэхүүнээ голлон экспортолж байгаа тул  экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулахад мөн дэмжлэг үзүүлнэ.   Импорт орлох, экспорт нэмэх үйлдвэрлэлийг дэмжихэд “Чингис” бондын хөрөнгөөс 360 шахам тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөөд байна. Төслүүдийн саналыг энэ сарын 17-ныг хүртэл нээлттэй хүлээн авч байна.  

Яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар оролцсон баг төслүүдэд эхний шатны сонгон шалгаруулалт хийж, дараа нь Засгийн газрын гишүүдийн түвшинд бодлогын хяналт тавьснаар эцэслэн шийднэ. Гуравдугаар сарын 1-ний дотор сонгон шалгаруулалтыг дуусгаж, санхүүжилтээ олгож эхэлнэ гэж Ерөнхий сайд нэмж хэллээ.   Төслүүдийг дэмжиж олгох зээлийн хүү, эргэн төлөлтийн хугацааг төсөл бүрийн онцлогоос хамааруулан ялгаатай тогтоохоор төлөвлөж байгааг Хөгжлийн банкнаас мэдээллээ.

  Манай улс өнгөрсөн онд ДНБ-ээ 12 орчим хувиар өсгөсөн урьдчилсан дүнтэй байна. Инфляцийг нэг оронтой тоонд барих зорилт тавьсан ч хүссэн түвшнээ 1 хувиар алдаж, 11 орчим хувьтайгаар оноо үдлээ.   Төсвийн алдагдлыг 2 хувьд барина гэсэн зорилтоо биелүүллээ гэж Засгийн газрын тэргүүн нээлттэй ярилцлагынхаа төгсгөлд танилцууллаа. Эдийн засаг, нийгмийн үзүүлэлтүүд хоёрдугаар сарын эхээр эцэслэн гарах юм

ШИНЭ МЭДЭЭ